Хүүхдээ асрах эцэг, эхэд 5 хоногийн цалинтай чөлөө олгохыг АЛБАЖУУЛЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт,  эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

Түүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2020.01.26. 
Улаанбаатар хот
Дугаар 30

 

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур худалдан авах болон иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж хэвлүүлэн тараахад шаардагдах зардлыг 1 дүгээр хавсралт, Хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа алба, хэлтэст нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах зардлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, дээрх зардалд шаардагдах нийт 5.509.989.000 (таван тэрбум таван зуун есөн сая есөн зуун наян есөн мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт  зөвшөөрсүгэй.

2. Нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.7 тэрбум төгрөгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд  даалгасугай.

3. Энэ тогтоолын 1, 2 дахь заалтад заасан багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нарт зөвшөөрсүгэй.   

4. БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгслээр болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх асуудлыг Дипломат харилцаа, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хятадын талтай 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дотор харилцан тохиролцож,  шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт, хилийн боомтын хяналтыг сайжруулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т тус тус даалгасугай.

5. Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг энэ оны    3, 4, 5 дугаар сарын долоо хоног бүрийн Бямба гарагт сунгаж хичээллүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

6. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хөтөлбөрийн агуулгаар сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат)-т тус тус даалгасугай.

7. Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан болон тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино, үзвэрийн газарт 18 наснаас доош насны хүүхдийг оруулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

8. Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар бүх нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба   (Ц.Ганзориг)-нд тус тус үүрэг болгосугай.  

9. БНХАУ-ын Үхань хотод сурч байгаа монгол иргэдээ  татаж авах асуудлыг судалж, шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.

10. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөсүгэй.

11. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар өөрийн байгууллагадаа ухуулга, сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, гар угаах болон халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалсугай.

12. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.55.188.39) 2020 оны 02 сарын 13

Энэ эмнэлгийн ажилчидаа маскаар хангаж чадахгүй, нэг тасагт гэхэд 2хон хүчилтөрөгчийн аппараттай ажиллаж байхад наад их мөнгөө яг юун зарцуулах гэж байгаан болдооо. Хуулийн дагуу хэрэгцээтэй шаардлагатай аппараат тоног төхөөрөмж ядаж маскаар хангах хэрэгтэй.Улсын ард түмний мөнгийг халаасалж тэнэгтэв

0  |  0
Top