Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? I Торгон савхиар урлагч “MS LEATHER” брэнд

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 10 сая гаруй арьс, ширэн түүхий эд бэлтгэгдэж байна. Үүнээс 26 хувийг нь дотооддоо боловсруулж, 120 орчим тэрбум төгрөгийн савхи, нэхий үйлдвэрлэж байгаа талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо мэдээлсэн байдаг. 

Түүнчлэн Монголд жилд дунджаар 35.5 мянган ширхэг савхин дээл, цамц, 470 мянган хос савхин бээлий үйлдвэрлэдэг ажээ.

Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Эм Эс Гармент” компани энэ төрлийн үйлдвэрлэлд онцгой хувь нэмэр оруулж байгаа хамт олон. 

“Эм Эс Гармент” компанийн “MS савхи” брэндийн савхин хувцсыг Монгол болон Туркийн дээд зэргээр боловсруулсан хонь, үхэр, ямааны арьсаар бүтээдэг бөгөөд загвар, шийдэл, чанарын хувьд хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байгаа брэндээр нэрлэгдэх болсон юм.  
 


Монгол дизайнеруудын ур ухаан шингэсэн, хөнгөн, зөөлөн, торгомсог савхин хүрмийг орчин үеийн хэв маяг, загварт нийцүүлэн үйлдвэрлэснийг тэдний урласан хувцас бүрээс  нь харж болно.

Шинэлэг, загварлаг байж, чанарыг эрхэмлэдэг “Эм Эс Гармент” компани 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд гадаадын зах зээлд өндөр үнээр зарагддаг,чанартай арьсан хүрэм, хувцаснуудыг Монгол Улсдаа үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна. Тэд 12-уулаа. Хэдий цөөн ажилтантай мэт санагдаж байгаа ч эсгүүрчин, оёдолчин, дизайнераас эхлээд бүх ажилчид нь урлаж буй хувцасныхаа деталь бүрийг чин сэтгэлээсээ хийж байгаа нь илт харагдана.

Цаг үе, улирлын мэдрэмжтэйгээр бүтээгдэхүүнээ шинэчилдэг тэд хэрэглэгчдийнхээ сар шинийн гоёлд зориулан үндэсний онцлог шингээсэн шинэ загваруудыг худалдаанд гаргажээ.

Түүнчлэн юбка, шорт, сорочкан цамц гээд хүний өмсөж болох бүхий л хувцаснуудыг савхиар урласан байлаа.
 

Савхин хувцасны чанар онцлогийн талаар “MS савхи” брэндийн Дизайнер Б.Оюунтүлхүүр “Арьсаар урласан савхи даавууг бодвол илүү тансаг хэрэглээ бөгөөд хиймэл савхийг бодвол илүү амьд шинж чанартай амьсгалдаг материал юм. Хонь, ямаа, үхэр гээд арьснууд бүгд өөр өөрийн онцлог шинж чанартай байдаг. Эдгээр арьснууд хувцас хэлбэрт шилжихдээ тус онцлог шинж нь загварынхаа шууд хамааралтай болно. Жишээ нь, эмэгтэйлэг шинжийг агуулсан хувцсанд торгон арьс сонговол зохино.Харин мото болон байкер загварт илүү ширхэглэг зузаан арьс зохицдог” гэсэн юм. Савхин хүрэм, хувцас сонгоход анхаарах ёстой хамгийн гол зүйл бол чанар байдаг. Сайн савхин хүрэм олон жилийн турш эдэлсэн ч гоёмсог байдлаа алддаггүй. Тийм учраас “MS савхи” брэндийн савхин хүрмийн онцлог сайн чанарын арьсан эдлэлд оршдог байна. Хонины арьсан савхи нь бат бөх, эдэлгээ сайтай. Гялгар гадаргуугаа удаан хадгалдгийн зэрэгцээ дулаан алддаггүй, биед эвтэйхэн зөөлөн байдаг давуу талтай. Харин үхрийн арьсан савхи нь эдэлгээ сайтай бөгөөд ширүүн, хатуу гадаргуутай. Удаан хугацаагаар хадгалахад тохиромжтой. Зурагддаггүй, үрэлтэд тэсвэртэй бол ямааны арьсан савхи нь эдэлгээ сайн даадаг, уян зөөлөн байдаг аж.


ЧАНАР САЙТАЙ АРЬСААР ЗАГВАРЛАГ ХУВЦАС УРЛАХЫГ ЭРМЭЛЗДЭГ
 

“Эм Эс Гармент” компанийн захирал Ц.Саранцэцэгтэй ярилцлаа. 


-Ярилцлагаа яагаад “ЭМ ЭС Гармент” компани байгуулах болсноос эхэлье?

-Би 1988 онд 10 жилээ төгсөөд эсгүүрчнээр Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Сүүлийн 10 жил хувиараа савхин хувцасны үйлдвэрлэл эрхэлж байгаад 2016 оны сүүлээр “Эм Эс Гармент” компанийг байгуулан “MS савхи” брэндийг үүсгэн ажиллаж байна.

-3 жилийн хугацаанд хэрхэн амжилт олсон туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Амжилттай яваа эсэхээ мэдэхгүй л байна. Ямартай ч хэрэглэгчдэдээ санаанд нь таарсан, сэтгэл ханамжтай бүтээгдэхүүн хүргэхийг л хичээж, зорьж ажилладаг. Зөвхөн надаас шалтгаалахгүй чадвартай, сэтгэлтэй ажиллах ажилтангүй бол компани маань яаж цааш явах вэ дээ.

-Хэрхэн менежмент хийж ажиллаж байна вэ?

-Биднийг хэн ажилгүй болгож дампууруулах вэ, та нарын цалинг хэн өгдөг вэ, манай компанийг байнгын өсөж хөгжихөд хэн хамгийн чухал үүрэгтэй вэ? гэж би ажилчдаасаа асуудаг юм. Бүгдийнх нь хариулт хэрэглэгч. Хэрэглэгчгүй бол бид хэчнээн юм хийгээд хэсэг хугацааны дараа дампуурах нь тодорхой. Тиймээс бүгд шат шатандаа хэрэглэгчийнхээ асуудлыг шийдсэн бүтээгдэхүүн гаргахын төлөө л ажиллах ёстойг байнга сануулдаг. Анх энд тэнд өөрөө борлуулаад явахад хийсэн зүйлээсээ ичдэг үе байсан. Одоо гоё болчихлоо гэж байгаа биш. Бид нарт сурч мэдэх зүйл маш их байна. Хэрэглэгчийнхээ хэрэгцээг бүрэн хангасан, болж өгвөл хүлээлтээс нь илүү гоё хувцас хийхийн тулд чанарын хуудас хөтлөн дамжлага бүрээ дүгнэдэг. Бидний урласан бүтээгдэхүүний чанар болоод, ажилчдын ур чадвар хамтдаа өсөж байгааг харахад таатай байдаг. Удирдлагын хувьд ажилчдын ажиллах орчин нөхцөлийг анхаарч, гол нь хангалттай цалин өгөхийг хичээдэг. Ажилчдынхаа ирц, чанар, хандлага зэрэгтэй нь уялдуулж урамшуулалт цалин нэмж өгдөг.
 

-Ямар төрлийн арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манайх руу хандсан зарим хүмүүс Монгол савхи уу гэж залгадаг юм. MS гэхээр тэгж ойлгодог байх. Би анх компанийн онцлогоо зөвхөн монгол савхиар хийдэг байя гэж тодорхойлж байсан ч захиалагчийн сонирхолд нийцүүлэн монгол савхи болон импортын арьсаар түлхүү хийдэг болсон. Хөнгөн зөөлөн, ямар ч загвар хийсэн болохуйц хонь, ямаа, үхрийн арьсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Гол нь хэрэглэгчид маань арьс сайтай бүтээгдэхүүн хүсдэг учраас сайн чанарын савхи авдаг. Өвөл, хавар намрын хувцас хийхээс гадна нимгэн хонины арьсаар  шор, юбка, сорочка, майк хүртэл хийж байгаа.

-Танай компанийн байнгын үйлчлүүлэгч эцсийн бүтээгдэхүүнийг дүгнэгчид байх. Тэднээс ирдэг сэтгэгдэл болон саналууд юу байдаг вэ?

-Мэдээж шүүмжлэл байна. Магтаал ч байна. Бид хэрэглэгчийнхээ саналыг сонсож, бүтээгдэхүүнээ байнга сайжруулж материал болоод оёдлын чанарыг байнга дээшлүүлэхийг эрмэлзэж ажилладаг. Манай нэрийн дэлгүүрүүдэд орж ирсэн хүмүүс “Монголд ингэж оёж байгаа юм уу. Ямар гоё юм бэ, Маш гоё оёжээ баярлалаа, дахиад ирнэ ээ. Олон салбар а дэлгүүрүүдтэй болохгүй юм уу” гэдэг. Түүнчлэн гэр бүлийнхэн, найз нөхдөдөө зааж өгөөд явуулна. Зарим нь бүр  өөрөө дагуулаад ирдэг. Манайд 4-5 хувцас хийлгэсэн байнгын үйлчлүүлэгчид нэлээд бий. Хэрэглэгчдээс сонссон  урмын үгийг оёсон оёдолчин, хийсэн дизайнерт нь заавал дамжуулж хэлдэг. Сайхан үг сонсоод  хамт олны уур амьсгал ч сайхан болдог. Сүүлийн үед гадаадад байгаа монголчууд мессенжерээр холбогдож захиалах нь их болсон. Нээгээд удаагүй байгаа “MS савхин хувцас” пейж хуудас маань 50 мянга гаруй дагагчтай болсон нь монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалт хийдэг болсныг илтгэнэ. Бид үйлчлүүлэгчдийнхээ нүүрийг улайлгахгүйгээр чанартай юм хийхийг  эрмэлздэг.

-Томоохон брэнд импортоор орж ирж буй бүтээгдэхүүнээс ялгарах болон өрсөлдөх чадвар юу вэ?

-Манай зах зээлд гаднаас арьс сайтай боловч ихэвчлэн загвар хоцорсон, хямдрал зарласан савхин хувцас, аль эсвэл  сайжруулсан арьс нэртэй лидрийн хувцас импортлон борлуулж харагддаг.Тэгэхээр чанар сайтай арьсаар цаг үетэй нийлсэн загвар, хийцтэй бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн боломжийн үнэтэй борлуулах боломжтой санагддаг. Мэдээж туслах материал болоод оёдол хийц, өмсгөлийн хувьд гаднын брэндээс ялгарах ялгааг аль болох арилгахын тулд манай хамт олон хичээн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
П.отгонжаргал(66.181.180.140) 2022 оны 12 сарын 09

Их гоё хийжээ.чанартай гэдэгт найдаж бна.үнийн хувьд гайгүй дундаж байгаарай

1  |  1
Top