Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд энэ сарын 5-ны орой газардах үеэрээ осолдсон “Boeing 737-800 NG” онгоцонд 171 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан билээ.
Ширүүн салхи, борооны улмаас газардах үеэрээ хөөрөх, буух зурвас даван гурван хэсэгт хуваагдаж сүйрсэн онгоцонд хоёр хүүхэд байжээ. Ослын улмаас нас барсан хүмүүсийн тоог гурав гэж зарласан билээ. Гэмтэж бэртсэн 150 гаруй хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа аж.
Истанбул хотын дарга Али Ерликайя мэдэгдэлдээ “Pegasus агаарын тээврийн компанийн онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас хөөрөх, буух зурвасыг 50-60 метр давсан” гэжээ.
Онгоц гурван хэсэгт хуваагдсаны дараа гадна төдийгүй дотор нь ч гал гарч байсан аж. Гэхдээ галыг маш түргэн унтрааж чадсан юм.
“The Daily Mail” сонины мэдээлснээр Истанбулын энэхүү нисэх буудалд өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд “Boeing 737-800” онгоц мөн хөөрөх, буух зурвасыг давж байжээ. Гэхдээ хүн бэртэж гэмтээгүй юм. Арабын Нэгдсэн Эмирт Улсаас Истанбулд газардсан онгоцонд 164 зорчигч байжээ. Ослын шалтгааныг мөн цаг агаарын таагүй байдал гэж дүгнэсэн байна. Түүнчлэн 2018 оны нэгдүгээр сард “Pegasus Airlines” компанийн Анкарагаас Трабзон руу ниссэн онгоц газардахдаа зурвасын хязгаарыг давж, Хар тэнгисийн эрэгт уснаас хэдхэн метрийн зайд уруу руу гулсан зогссон ба хүн гэмтэж бэртээгүй билээ.
“Pegasus Airlines” компани нь 20 гаруй жил нислэг үйлдэж байгаа, Туркийн хамгийн алдартай хувийн агаарын тээврийн компани юм. 83 онгоцтой энэхүү компанийн онгоцны 46 нь “Boeing 737-800” аж.
Сэтгэгдэл ( 0 )