ОХУ-ын Эрхүү муж, Байгаль нуурнаа зохион байгуулдаг “Мөсний шуурга” буюу ”Ледовый шторм 2020” мөсөн замын олон улсын экстрим уралдаан хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд болно.
Найм дахь жилдээ зохион байгуулж байгаа уралдаанд Монголын тамирчид анх удаа оролцохоор Байгаль нуурыг зорилоо.
Мөсөн замын "тулаан"-д ОХУ, Монгол, Австри, ХБНГУ, Чех, АНУ, Швейцарь, Латви зэрэг орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Дугуйн төрөлд зөвхөн ОХУ-аас гэхэд Москва, Санкт-Петербург, Эрхүү, Жуковский, Нижний Тагил, Томск зэрэг олон хотуудаас тамирчид өрсөлдөх болсноо мэдүүлсэн байна. Оросын олон хотуудын тэмцээн практикт олон улсын тэмцээний чансаа харуулдаг уламжлалтай учир энэ жилийн уралдаан ч мөн ширүүн өрсөлдөөнтэйд тооцогдож байна.
“Мөсний шуурга” жилээс жилд цар хүрээгээ тэлж, экстрим спортынхны анхаарлыг гойд татах болсон тэмцээн юм.
Нуурын баруун эргийн 210 км урт мөсөн замыг гурван өдөрт туулдаг. Эхний хоёр өдөр тус бүр 80 км зам туулах бол гурав дахь өдөр 45-50 км замыг тэшүүр эсвэл дугуйгаар туулж бариална. Ингэхдээ цагаар байр эзлүүлэх ба эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай.
“Мөсний шуурга” уралдаанд Монголын хоёр тамирчин өрсөлдөнө. Тэд бол “Mongolia expedition” компаний захирал, экстрим аялал хөгжүүлэгч С.Алдархишиг, тус компанийн тамирчин, дугуйчин А.Энхтөр нар юм.
Тэдний хувьд MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын дугуйн уралдааныг зохион байгуулахад үнэт хувь нэмэр оруулж, Монгол улсыг дэлхийн дугуйчдад танилцуулсан бөгөөд энэ уралдааны нөлөөгөөр Монгол орноор аялах дугуйчдын тоо өссөн. С.Алдархишигийн хувьд мөн ICE CHALLENGE MONGOLIA мөсөнд авиралтын арга хэмжээг санаачлан зохион байгуулж ирсэн билээ.
Амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )