Ч.Хүрэлбаатар: ОУВС Монголын эдийн засгийн бодлогыг үнэлсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Коронавирустэй холбоотойгоор эдийн засаг агших нөхцөл байдал­тай байгаа үед зээлийн хүүнд зохицуулалт хийх үү гэдэг асуудал анхаарал татаж байв. Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр нэлээд анхаарал тавьсан. Нөөц хуримтлал бий болгох чиглэлд ажилласан. Ирээдүйн өв сангийн хөрөнгө гэхэд өнгөрсөн оны сүүлээр 538 тэрбум байсан бол өнөөдөр 620-иод тэрбум төгрөг болчихсон явж байна. Үүнээс өмнө 8.2 их төгрөгийн өр төлсөн. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр бид эдийн засгийн өндөр өсөлтийн үедээ бүгдийг нь зарцуулалгүй муу цаг ирвэл зарцуулах хуримтлалын бодлого барьсан. Энэ маань коронавирусний үед хэрэг болж байна гэдгийг онцолж хэлмээр байна. Өнөөдөр (өчигдөр) Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа эдийн засгийн бодлоготой нийцэж байгаа. Мөнгөний бодлогын хүүгээ 11 хувь байсныг 10 хувь болгож өөрчилсөн. Үүнээс гадна арилжааны банкуудийн Монголбанкинд заавал байлгах нөөцийг 10.5 хувь байсныг 8.5 хувь болгож буулгасан байна. Тэгэхээр эдийн засаг руу нэлээд их хэмжээний мөнгө гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаа гэсэн үг. Мөнгө­ний бодлогыг уян хатан болгох чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүдийг авсан гэсэн. Мөн өнөөдөр (өчигдөр) Засгийн газрын хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгчөөс гадна Монголын банкуудын холбооны тэргүүн Б.Мэдрээ ирж оролцсон. Арилжааны банкуудын хувьд төр засгаас явуулж байгаа бодлогыг ойлгож бас өөрсдөдөө болон аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудалтай холбогдуулж бодлого, зээлийн хүүн дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байгаагаа ярьж байна. Тэр нь бас удахгүй албажиж шийдвэр болж гарах байх. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд банкны зээлийн хүүтэй холбоотой тодорхой хэмжээний дэмжлэг болж гарч ирэх болов уу гэж бид найдаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн тухайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нэмэгдүүлсэн хүү гээд хугацаа сунгасан зээлүүд дээр авдаг хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар холбогдох томоохон ББСБ-уудтай ярьж байна гэдгийг хэлмээр байна. Энэ бас тодорхой шийдвэр болоод гарчих байх. Банкуудын Монголбанкинд заавал байлгах нөөцийг бууруулж, Монголбанкны мөнгөний бодлогын хүү буурч, Засгийн газар татварын асуудал дээр тодорхой бодлогууд гаргаж байгаа нь коронавирусний үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед аж ахуйн нэгжүүддээ дэмжлэг болох зорилготой” гэв.

Ингээд мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа үед төс­вийн тодотгол хийж зардлыг танах ёстой гэсэн байр суурь гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эдийн засгийг тэтгэх хэмжээгээр төсвийнхөө зардлыг нэмэх чиглэлийн бодлогуудыг зарим орнууд хэрэгжүүлж эхэлж байна. Манайд зарим хүмүүс зардал хасах тухай ярьдаг. Сангийн сайдын хувьд би хэзээ ч тийм алхам хийхгүй гэдгээ хэлж байсан. Тэр бодлого маань хэвэндээ байгаа. Өөрөөр хэлэх юм бол агшиж байгаа зүйлийг улам танах юм бол эдийн засаг борцлогддог. Эдийн засгийн үйл ажиллагаа хумигддаг эрсдэлтэй байдаг учраас энэ коронавирусний өндөржүүлсэн бэлэн байдалтай үед авч хэрэгжүүлж болохгүй бодлого юм. Саяхан ОУВС-гаас коронавирусний үед улс орнуудын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлогыг бүгдийг нь судалж үзсэн байна. Түүнийг нь үзэж танилцсан. Коронавирусний үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого бол яг цаг үедээ таарсан зөв байна гэдэг дүгнэлтийг өгсөн байгаа. Ийм байхад сандраад дэлгүүр рүү гүйгээд юм хуримтлуулаад байх огтхон ч шаардлагагүй шүү гэдгийг хэлье.

-Өндөржүүлсэн бэлэн байд­лын үед зээлийн хүүг тэглэх асуудал зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хамаарах уу. Эсвэл ипотекийн зээлд бас хамаарах уу?

-Засгийн газрын хувьд тодорхой хэмжээний бараа үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлт чөлөөлөлт олгох зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, татвартай холбоотой хөнгөлөлтүүд болоод түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг удаа чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдсэн. Монголын банкуудын холбооноос Засгийн газрын хуралдаан дээр энэ чиглэлийн санал санаачилга гаргаж хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн байгаа. Арилжааны банкууд дээр ажиллах орон зайг нь нэмээд өгчихөж байгаа болохоор үүндээ тулгуурлаад зээлийн нөхцөлүүддээ тодорхой арга хэмжээг авах байх аа. Тэд хоорондоо уулзаж ярилцаж байгаад шийдвэрээ гаргана. Миний хувьд арилжааны банкууд ингэнэ тэгнэ гэж хэлж чадахгүй. Өөрсдөө шийдвэрээ бизнесийнхээ зарчмын хувьд гаргаад явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 13

Hyrelsyh muugui ajillaj baigaa shyy, ene hynd ch itgehgui baina, toriin bodlogo gaigui baigaa

0  |  0
Зочин(150.129.141.98) 2020 оны 03 сарын 13

Хотгор шанагын хулгайч ичиж амьдраачээ.

0  |  0
иргэн (59.153.112.17) 2020 оны 03 сарын 13

цаг үеэ болон ажлаа сайн мэддэг туршлагатай хүн байгаа болохоор монголын эдийн засаг санй байна Хүрэлбаатар сайд шиг хүн л эдийн засгыг аварч чадна танд баяр хүргэе

0  |  0
Top