С.Амарсайхан: Хяналт шалгалтын эрчээ сулруулж болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

-Хүнсний худалдаа, бараа үйлчилгээний захууд хэвийн ажиллана-

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг өчигдөр хуралдаж мэдээлэл солилцлоо. Хорио цээрийн дэглэмд байгаа ойрын өдрүүдэд нийслэлийн найман товчоон дээр түргэн тусламжийн төвийн найман баг, 124 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Өнөөдрөөс авто тээврийн товчоод хэвийн үйл ажиллагаанд орох учраас нэмэлт хүч ажиллуулах судалгааг хийгээд энэ сарын 16-ны байдлаар 73 хүнийг авто тээврийн товчоодод нэмж ажиллуулах бэлтгэлийг хангасан байна. Эрүүл мэндийн байгууллагын одоо ажиллаж байгаа 54 хүн дээр нэмэгдээд уг 73 хүн ажиллах гэнэ. Найман товчоонд 44 ширхэг халуун хэмжигч байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын холбогдох албан тушаалтны мэдээлснээр “Энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтраад орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд нийслэлд байгаа 383 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Нийгмийн халамж, үйлчилгээний тусгай төвд 111, зургаан төрийн бус байгууллагад 127 гээд нийт 238 иргэнийг халамж, үйлчилгээний холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Дээрх иргэдээс 38-аас дээш хэмд халуурсан 29 иргэн, сүрьеэтэй иргэдийг гэр бариад тусад нь байлгаж, шинжилгээ авч байгаа” хэмээлээ. Тэдгээр иргэнийг энэ долоо хоногт нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин үзлэг шинжилгээнд хамруулах юм байна.

Хурлын үеэр нийслэлийн Цагдаагийн газраас давхардсан тоогоор 6000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад үзлэг, шалгалт хийсэн тухай танилцууллаа. Улмаар Хотын захирагчийн захирамжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан таван зөрчлийг илрүүлж, Зөрчлийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Гарч байгаа зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж, түргэн үйлчилгээний цэгүүдэд утаат тамхи худалдан борлуулж байсан гэнэ. Тиймээс дээрх чиглэлүүдэд хяналт зохион байгуулалтын арга хэмжээг орхигдуулахгүй авч, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, зориулалтын байр, сууцаар хангах ажлыг зохион байгуулахын тулд ямар арга хэмжээ авч болох талаар бэлтгэл ажил хийхийг Хотын захирагч С.Амарсайхан үүрэг болгов. Орон нутгийн хөдөлгөөн нээгдэж байгаа ч гэсэн хяналт шалгалтын ажлууд хэвийн үргэлжлэхийг анхааруулав. Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, зохион байгуулалт, ариутгалын үйл ажиллагаа хийсэн. Цаашид ч энэ эрчээ алдахгүй, шаардагдах бодис, хамгаалалтын хэрэгслээ бүрдүүлж ажиллахыг үүрэгдсэн юм. Ялангуяа зарим амралт сувилал, стандартын шаардлага хангасан бялдаржуулах клуб, халуун усны газар зэрэг газруудад зөвлөмж сайтар хүргүүлж, нэг дор олон хүн бөөгнүүлэхгүй байхад чиглүүлэх шаардлагатай гэв. Хүнсний худалдаа, бараа үйлчилгээний захууд хязгаарлалтад орохгүй хэвийн ажиллах аж. Цаг агаар дулаарч байгаа учраас гудамж, талбайн ариутгалыг төлөвлөгөөний дагуу хийхээр боллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Buduun darga(112.96.135.57) 2020 оны 03 сарын 17

Ter ard ni zogsch bga buduun bambaruushiig hezee neg odor hotiin darga bolgooch, chaavaas har zaluugaasaa heden ch jil tsunh barij guiv de

0  |  0
guy(202.9.40.120) 2020 оны 03 сарын 17

ali boloh tsag hojih heregtei dee mongold orj irvel diilehgyi shyy

0  |  0
Top