Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сэтгэлээ хэрхэн амар амгалан байлгах, зөв бодлын хүчээр дархлаагаа сайжруулах тухайд бясалгалын багш Д.Гантөгсөөс тодрууллаа.
-Онцгой нөхцөл байдлын үед сэтгэлээ хэрхэн амар амгалан байлгах тухай зөвлөнө үү?
-Жишээгээр тайлбарлая. Ойн түймэр гарахад хүмүүс айж сандарна. Гэтэл түймрийг цурманд оруулсны дараа аюулаас айж сандрах хэрэггүй болно. Үүнтэй адил шинэ коронвирусний халдвар авсан дөрвөн хүнийг эмч нар хяналтандаа байлгаж, тусгаарласан. Хийж болох бүхнээ хийж байгаа тул айж сандарч, сөрөг мэдээлэл, стресс бий болгох шаардлагагүй юм. Сөрөг бүхнээс үүдэж хүмүүс өөрөө мэдэхгүйгээр стрессд ороод байна. Энэ стресс үүсэхэд хоол, нойр, амьсгал, хүний бодол гэсэн дөрвөн хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг. Одоогоор хүмүүс хоол, нойрны асуудалдаа анхаараад байна. Гэхдээ амар амгалан байхад амьсгал их чухал. Хүссэн ч эс хүссэн ч бид таван мэдрэхүйгээрээ дамжуулаад сэтгэлдээ нөлөөлдөг. Сэтгэл хөдлөөд байгаа энэ хөдөлгөөнийг стресс гэнэ. Хэтэрхий их магтах эсвэл хэтэрхий их гомдох гэдэг бол сэтгэлийн хөдөлгөөн. Онцгой нөхцөл байдалд байгаа энэ цаг үед ялангуяа шүүмжлэх, хэн нэгнийгээ буруутгах нь нийтийн стрессийг үүсгэж байна. Нийтийн стресс нь хувь хүний стрессээс үүсдэг. Тиймээс хүн бүр аль болох эерэг хандлагатай байх хэрэгтэй. Эерэг хандлага ганц нэг удаагийн эерэг байдлаар үүсэхгүй дадал болгон хэвшүүлдэг зүйл.
-Оюутан, сурагчдаас эхлээд хөл хорионд багагүй хугацааг өнгөрөөж байгаа хүмүүс бий. Хэрвээ сэтгэл санаагаар хямрах юм бол яаж тайвшрах вэ?
-Ер нь хүн хорионд ороод ирэхээр хүссэн ч эс хүссэн ч идэвхгүй болж ирдэг. Идэвхгүй болох энэ шинж тэмдэг бол сэтгэлийг стрессдүүлэх нэг нөхцөл нь байдаг. Өөрөөр хэлбэл, хүн лифтээр дээш доош зорчихдоо айдаггүй атал лифт нь гацлаа гэнгүүт сандраад эхэлдэг. Бидний сэтгэл хөдөлгөөнд оронгуутаа эсвэл хөдөлгөөнгүй болоход гажаад эхэлдэг. Үүнээс гарах хамгийн энгийн арга бол амьсгалын дасгал, зөв бодохуй бясалгал байдаг. Эдгээр дасгалыг мэддэг хүмүүс гэртээ дасгалаа давтаж хийх хэрэгтэй. Идэвхтэй амьдрахын тулд шинэ юм сурах, шинэлэг зүйл хийх, өөрийгөө дайчлах янз бүрийн аргуудаас хэрэгжүүлж үзээрэй.
-Гэртээ эсвэл эмнэлэгт тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүст хийхэд тохирсон амьсгалын дасгалаас зөвлөнө үү?
-Хамгийн энгийн арга бол амьсгалаа ажиглах. Айх юм уу тавгүй байгаагаа мэдрэх юм бол гүнзгий амьсгал авч амьсгалаа түгжих хэрэгтэй. Аль зэрэг удаан түгжиж чадаж байн тэр хэмжээндээ амьсгалаа түгжээд гаргах байдлаар хэд хэдэн удаа давтаад ирэнгүүт аяндаа таны түгшээд байгаа мэдрэмж байхгүй болно. Мэдрэмжээ зарим хүн ажигладаггүй. Үүнээс гарах аргаа мэдэхгүй хэрнээ нэг мэдэхэд аяндаа стрессээс гарчихсан байх нь бий. Энэ үедээ бүжиглэх, дуулах гээд сайхан үйлдлүүд хийж эхэлдэг. Гэхдээ санамсаргүй стрессээс гарахаас илүү зориудаар буюу “Өөрийнхөө стрессийг тайлна” хэмээн хийсэн үйлдлүүд нь эерэг байдлыг илүүтэй бий болгодог. Тиймээс бид өдөрт 5-10 минутыг өөртөө зарцуулаад амьсгалаа гүнзгий аваад түгжээд гаргах дасгалыг хийгээрэй. Өөр бусад амьсгалын энгийн дасгалуудын талаар мэдээллийг олж судлаад хэрэгжүүлж ч болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
iimerhvv medeellee tvlhvv oruulj ugmuur yum b.adaa