Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид шороон замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэн, тэмцэж эхэлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж буйгаар малчид нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоогоод байна. ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 18-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буйг газар дээр нь очиж, сурвалжилсан билээ. Билгэх багийн малчин иргэдийн үгийг сануулан хүргэе.
"Экологийн цаг" нэвтрүүлгийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хийсэн сурвалжлагаас
Цогтцэций сумын малчин Т.Жаргал: Арван хэдэн салаа замаар нүүрс тээвэрлэж байна
-Найм, есөн жилийн амьдралаа зориулж бууц барьсан юм. Энэ бууцан дээрээ байж байгаад л хойч насандаа очих байлгүй дээ. Уг нь энэ замаар Чойрын түлшний л тээвэр явдаг байсан. Ноднингоос нүүрс тээвэрлэлт яваад байна. Энэ учир холбогдлоор малын бэлчээргүй болж малын уушгинд тоос сөрөг нөлөө үзүүлж байна. Ямаа гаргахад уушги, хавиргандаа наалдацтай байх болсон. Ер нь манай нутагт уул уурхайн нөлөө их бий. Салхи баруун урдаасаа байдаг учраас тоосжилтод илүү өртдөг. Хоёр машин яваад өнгөрөхөд л маш их тоос болж байна. Манай энэ хэсэг нам дор газар. Салхи багатай үед маш их тоос гарч, тогтож байна. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар нь бид улсын ажил хийж байгаа гэж дайрдаг. Уг нь замыг биднээс ухаантай улсууд л хийсэн баймаар юм. Гэтэл өнгөн хөрсийг нь аваад хаячихаар тоосжилт улам их үүсэж байна. “Страто” компани хэдхэн сарын дараа асфальтан зам тавина гэсэн, тавиагүй. Машинууд манай бууцны хажуугаар ч явна. Арван хэдэн салаа зам болгочихсон. Малын бэлчээр маш багасаж байна. Арга ядаад хэдэн жолооч нартай л үзэх юм. Нүүрсний тээврийн машины араас мотоциклиороо хөөцөлдөөд л шаардлага тавьдаг.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )