Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид шороон замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэн, тэмцэж эхэлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж буйгаар малчид нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоогоод байна.
ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 18-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буйг газар дээр нь очиж, сурвалжилсан билээ. Билгэх багийн малчин иргэдийн үгийг сануулан хүргэе.
"Экологийн цаг" нэвтрүүлгийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хийсэн сурвалжлагаас...
Билгэх багийн залуу малчин Ж.Тайван: Сул хөрсийг гаргачихаар жижиг машин явах аргагүй болж байна
-Хатуу хучилттай замтай болгоод тээвэрлэлт хийнэ гэсэн ч тэгээгүй. Өнгөн хөрсийг нь хуулаад сул хөрсөн дээр яваад баллаад хаясан. Тийм сул хөрсийг гаргачихаар жижиг машин явах аргагүй болж байна. Өөрсдийнх нь том машин хүртэл сул хөрсөн дээр тулаад явах аргагүй болохоор хажуугаар нь өөр зам гаргаад давхиад байдаг. Хүнд даацын машин нэг удаа явчихаар нь тэр зам болж үлдээд, бусад машинууд нь тэр гаргасан замаар нь давхисаар байгаад, манай энэ нутагт хэдэн зуун метр газарт ч замтай болчихов доо. Дуртай газраараа зам гаргаад давхиад байгаа жолооч нарт хэлэхээр төөрөөд гэхчлэн зүйл хэлдэг. Тэмцээд хүч хүрэхгүй байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )