НЗДТГ: Долоо хоногийн тойм

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хоггүй ХОТ" аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн. Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа тухай мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд удаа дараа ирүүлсэн. Эдгээр гомдлын дагуу өнгөрсөн амралтын өдөр /2020.03.21/ Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 байр орчимд үүсээд олон жил болж байгаа Хогийн цэг дээр очиж ажиллалаа.

Энэ үеэр тус хорооны иргэн М.Батбаатар “Энэ хог олон жил энд байсан. Орчны бохирдол үүсгэж байна. Дүүрэгт олон удаа хандаж байсан боловч хог ачилтын машин хүрэлцэхгүй байна гэх зэрэг шалтгаан хэлж, ачихгүй хойшлуулсаар ирсэн. Гудамж талбайд хүүхдүүд тоглох нь байтугай том хүн явахад хүндрэл учирч байна. Таныг хорооны Засаг дарга болон бусад хариуцсан албан тушаалтнуудад хогийн цэг байсан газрыг эргүүлэн өгч хашааг нь буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэдгийг Хотын захирагчид хэлэв. Хотын Захирагч С.Амарсайхан “Хогоо хугацаанд нь долоо хоног бүр ачуул. Хариуцсан хэсгийн ахлагчаа сайн ажиллуул. Эргээд өөрсдөө хяналт тавьж ажилла. Долоо хоногийн дотор энэ 00-ыг буулгах хэрэгтэй. Хог хаях цэгийн газрын асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ. Үлдсэн хог хаягдлыг ачиж цэвэрлэ. Орчин тойрныг цэвэрлэж, халдваргүйжүүл. Энэ ажлуудыг та хариуцаж, хяналт тавьж хийх ёстой” гэсэн үүрэг чиглэлийг хорооны Засаг дарга Д.Энхтүвшинд өглөө. Мөн оршин суугчдад хандан “Цаашид хог хаягдлаа гудамж, зам талбайд ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Амьдарч байгаа газартаа эзэн нь байж хариуцлагатай хандан иргэний оролцоогоо нэмэгдүүл. Энэ дан ганц хорооны асуудал биш иргэд та бүхэн хамтран асуудлаа шийдэх нь чухал” гэдгийг онцолж хэлсэн юм.

“Хотын соёл” бүх нийтийн аян эхэллээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна. Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг албан ёсоор эхлүүллээ. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа олон залуучууд “Хотын соёл” аяныг дэмжиж, хамтарч оролцоно гэдгээ илэрхийлсэн. Аяныг өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд зохион байгуулна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухай бүрт нь та бүхэнд мэдээлж ажиллах болно. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүхэн аяныг дэмжиж, хамтарч оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ.

Хотын даргын шийдвэрээр Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Хотын захирагч С.Амарсайхан түүх дурсгалын газруудаа хамгаалах тухай шийдвэрийг гарган ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй. Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай. Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлж, газар хорооны болон барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу гуравдугаар сарын 25-нд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрын албаны хүмүүс зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах тухай” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Засаг даргын Зөвлөлийн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан. Засаг даргаас тус төслийн 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Багануур, Багахангай, Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийг хамруулах асуудлыг судалж, дараагийн зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж байна. Энэ хүрээнд Захирагчийн ажлын алба нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багийнхантай хамтран ажиллаж, 2020 онд Налайх дүүргээс нэг цэцэрлэгийг хамруулан хэрэгжүүлэх шийдвэр гарсныг танилцуулж байна” гэлээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү!!!

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn  цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар   дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль, Гал түймрийн улсын байцаагчдын 10 гаруй дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр уг барилга нь Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй холбоотой бусад дүрэм, журам, стандартад заасан шаардлагуудыг хангахгүй байна. Мөн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох шийдвэрүүд гараад ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогслоо, амьжиргааны эх үүсвэргүй болж байна гэсэн байдлаар хандаж байгаа. Дам түрээсэлж байгаа гэх 300-400 орчим иргэд, аж ахуй нэгжүүдтэй хийх уулзалтын хуваарь гарсан. Хуваарийн дагуу уулзаж, санал хүсэлтийг нь авч нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзсан. Бусад иргэд рүү өдөр тутамдаа нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт ирж уулзах урилга хүргүүлж байна. Бүх иргэдийн саналыг нэгтгээд шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлнэ” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
transmutation(202.179.25.93) 2020 оны 03 сарын 28

ene odoo yag jujig baisan uu ugui yuug shalgah boljdee,ardchilsan hujaanuud hudlaa helmegdsen ene ter gej surjigenj surjigenj baigaad tsagaa tulahaar nuraagaad baastai ni buljil baigaa bizde,tegeed humuusd hudlaa dahij end tend shine muzei barina helmegdsen hujaanuudad mungu taraana geed haa saigui guagchinij ungulun daldlalt hiine,

0  |  0
Top