Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.04.08/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
“ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫГ ТӨРИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРИНА
“Таван толгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болов. Бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барих боломжтой гэж үзлээ.
Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 2024 онд ашиглалтад оруулна гэж тооцож байна.
Станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь яригдаж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөх аж.
Өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Иймд Төрийн өмчит Таван толгойн цахилгаан станцыг “Эрдэнэс таван толгой” компанийг түшиглэн байгуулж, Оюутолгой ХХК-ийг төрийн өмчийн Таван толгой цахилгаан станцаас эрчим хүчээр хангах юм.
Товчхон
Сэтгэгдэл ( 0 )