Шинэ төрлийн коронавирусний халдварын үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан цахимаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэдийгээр өвчний халдвар дотооддоо гараагүй боловч улирлын онцлогоос шалтгаалаад дөрөв, тавдугаар сард халдвар тархах өндөр магадлалтай байгаа. Хаврын улиралд цас мөс хайлах, зэрлэг амьтдын нүүдэл, усны шувууд ирэх гээд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлс бий. Тиймээс иргэдийн зүгээс аль болох мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөгөөг дагахыг хүсэж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд зуслангийн чиглэлд гал түймрийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд анхааран ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн гал түймэр гарсаар байна. Халдварт өвчний энэ үед нийслэл, онцгой байдал, эмч сувилагч, цагдаа хүчний байгууллага гээд өдөр шөнөгүй ажиллаж байгаа алба хаагчдадаа ачаалал нэмэхгүй байх үүднээс иргэд дор бүрнээ хичээж, анхаарал болгоомжтой хандахыг уламжилж байна.
Нийслэлд шинээр дэг журам тогтоох чиглэлд нийслэлийн алба хаагчид эргүүл хийж хяналт тавин ажиллаж байсан бол өөр зохион байгуулалтад орж байна. Улаанбаатар хотод 180 олон нийтийн цагдаа ажиллаж ирсэн. Энэ тоог нэмэгдүүлж 1700 хүн үүрэг гүйцэтгэх болсон. Хорооны хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийгээд бэлэн болж байна. Эдгээр олон нийтийн цагдаа нар орон сууц, гудамж талбайд ёс зүйгүй үйлдэл буюу нус цэрээ хаях, бие засах, хог хаягдлаа ил задгай хаях гэх мэт үйлдэл гаргасан иргэдэд хариуцлага тооцож ажиллана. Хяналтын систем бий болж байна.
Гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан, тамхины иш хог хаягдал хаясан, нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амар тайван байдлыг алдагдуулсан бол олон нийтийн цагдаа хууль сахиулагчийн үүрэг гүйцэтгэж, шаардлага тавих, сануулга өгөх, торгох зэрэг эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болсон гэдгийг онцолж хэлмээр байна.
Түүнчлэн шинээр эх хүүхдийн эрүүл мэндийн төв удахгүй ашиглалтад орох гэж байна. Бүтэн арван жил царцсан барилгыг ашиглалтад оруулахаар Эрүүл мэндийн яамтай хамтран холбогдох ажиллагааг хийж байгаа. Барилгын ажил 95 хувьтай байгаа. Ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Холбогдох хууль журмын хүрээнд хяналт тавин ажиллаж байгаа.
Цэрэг татлагын тухайд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цэрэг татлага явагдахгүй. Судалгаагаар 30 мянга гаруй иргэн цугладаг учир халдвараас сэргийлэх үүднээс энэ жилийн тухайд цэрэг татлага явагдахгүй.
Улсын онцгой комиссоор улсын хэмжээнд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь явуулах тухай чиглэл ирсэн. Гэхдээ нийслэлийн зүгээс аль болох иргэдийг хувийн автомашинаар зорчуулах, олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болох зорчуулахгүй байх тухай саналтай байгаа.
Нийслэл рүү орон гарах хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэр гараагүй. Онцгой байдал үүсвэл тухай бүрт мэдээлнэ. Нийслэл орох, гарах хөдөлгөөнд хяналтуудаа тавин ажиллаж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
zov shyy, er ni corona-giin daraach gesen irgediin ajil amdrald ih sadaa bolj baina, …hotiin dotorhi byh zamuudaa sudalj dyyreg hoorondiin , dyyreg dotorhi zamuudaa barih heregtei, ezsiin ezest zam zoohon baina shyydee tegeed l gol zamuudaaraa shavaad baidag…oor zam garzaar yavchih bolomjgui baigaa chin tygjireliin shaltgaan