Таван толгойг монголчууд 100 хувь өөрсдийн хүчээр ашиглах боломжтойг “Энержи Ресурс” компанийнхан дахин нотоллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

Таван толгойн ордоос монголчууд их зүйл хүлээж байлаа. Хүлээлтийн түрүүч нь ач тусаа өгөх гэж байна. “Ухаа худаг” уурхайн цогцолборт нүүрс баяжуулах үйлдвэртэй болов. Энэ нь Монголд анхдагч үйлдвэр болж байна. Технологийн хувьд Азидаа тэргүүлнэ гэнэ. Ухаа худаг гэдэг нь Таван толгойн ордын  нийт нөөцийн ашиглалтаас “Энержи Ресурс”-т оногдож буй багахан хэсэг буюу дөнгөж  дөрөвхөн хувь нь юм. Үлдсэн хэсэг нь Монголчуудад хувьцаа болж очих орд газар. Тэгэхээр “Энержи Ресурс” компани энд нүүрс баяжуулах үйлдвэр анх удаа барьж, цахилгаан станц ашиглалтанд оруулсан нь эхний ээлжийн томоохон бүтээн байгуулалт боллоо. Ер нь “Энержи Ресурс” компани анх удаа Хонконгийн биржээс 750 сая долларын хөрөнгө босгон энэхүү том ажлыг нугалж чадлаа. Үүгээрээ Таван толгойг бүхэлд нь Монголчууд өөрсдөө ашиглах бүрэн боломжтойг харуулж байна. Манай дарга нарын улиг болтол яриад байгаа Баруун, Зүүн цанхад оператор, стратегийн хөрөнгө оруулагчдыг гадаадаас татаж оруулна хэмээн яриад л байсан. Америк, Англи, Герман улсаас хөрөнгө оруулагчид тодорлоо гээд л байрлаж давхицгаасан. Гэтэл одоо болтол тэр бүх асуудал нь жигдэрч чадаагүй байна. Харин “Энержи Ресурс”-ийнхэн тэдний дэргэд хийсэн юмтай сууж байгааг хараад хэний ч сэтгэлд юм бодогдож эхэлсэн нь лавтай. Ерөөсөө л том, жижиг Таван толгой гэлтгүй тэр чигт нь Монголчууд өөрсдийн хүч боломжоороо дайраад орох байжээ. Тэгсэн бол зарим нь дэд бүтцээ янзалж, зарим нь нүүрсээ баяжуулж, нэмэгдсэн өртгөөр гадагш нь борлуулаад эхэлчихсэн байх байж. Нүүрсээ түүхийгээр нь зөөж үнийг унагадаг  байсан үе одоо түүх болж үлдэх гэж байна. Дэлхийн уул уурхайн салбарын хөгжилтэй хөл нийлж алхах болсноо “Энержи Ресурс” ийнхүү зарлаж байгаа  нь тун сайн хэрэг. Үндэсний маань компаниуд нүүрсний зах зээл дээр хэнд ч гологдохгүй ажиллах боломжтойг “Энержи Ресурс” өнөөдөр нэгэнт харуулсан тул Таван толгойгоо бүхэлд нь Монголчууддаа даатгах хэрэгтэй юм байна.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top