Хүний аминд хүрч, хэргийн газраас зугтсан этгээдийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23



Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р багийн Цагаан дов гэх газарт өчигдөр /2020.04.22/ 18:30 цагийн үед марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь хүнд гэмтэл авсан байсныг мөргөлдсөн автомашины жолооч тээвэрлэн, эмнэлэгт хүргэж өгчээ.

Гэхдээ осол гаргасан автомашины жолооч эмнэлэгт  “Мотоциклтойгоо явж байгаад онхолдсон байхаар нь аваад ирлээ” гэж хэлээд, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, хэргийн газраас зугтан, 70 километрийн зайтай байх гэртээ очиж, ослын улмаас автомашиндаа учирсан эвдрэл, гэмтлийг нуун далдлан зорилгоор хагарсан их гэрэл, дохиог сольсон байсныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай илрүүлсэн байна.

Мотоциклийн жолооч 16 настай, эрэгтэй Т нь сумын эмнэлэгт хүргэгдэн очоод, 30 орчим минутын дараа амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Иймд зам тээврийн осолд холбогдсон жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд хохирол учирсан тохиолдолд осол, хэргийн газраас тээврийн хэрэгсэл, нотлох баримт болох эд зүйлсийг хөдөлгөхгүй байх, Цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх” үүргээ биелүүлэх, мөн мотоциклийг “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах малгайтай, 18 насанд хүрсэн хүнээр жолоодуулж, мотоциклийнхоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж  байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
и(139.5.218.26) 2020 оны 04 сарын 25

хайран хүүхэд

0  |  0
Top