Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ сарын 18-ны өдөр орж ирсэн Олон улсын тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ-Дарханы чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа билээ.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дээрх замыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өглөө 06.00 цагт нээнэ. Зам нээхтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ж.Амгалан "Цар тахалтай холбогдуулж хяналт шалгалтын ажиллагаа зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа тайлан гаргаж, шийдвэрүүд гаргаж байгаа. Маргаашнаас замыг нээх боломжтой гэж үзсэн. Тиймээс маргаашнаас эхлээд замын орох гарах хөдөлгөөнийг нээнэ. Замыг гэнэтийн байдлаар хаасантай холбоотойгоор гомдол мэдээлэл ирж байгаа. Цар тахлын үеэр дэг журмаа сайн барьж байгаатай холбоотойгоор дотроо халдвар тархаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тийм учраас дэг журамтай байж цаашид улам чамбай ажиллах шаардлагатай. Онцгой дэглэмийн энэ үед цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлж нэн ухамсартай хамтран ажилласанд талархаж байна" гэлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Та бүхний мэдэж байгаагаар өчигдөр иргэн О.Осоржамаа хэвлэлд ярихдаа цагдаагийн байгууллагатай холбоотой асуудал хөндөж мэдээлэл өгсөн. Энэ дагуу тодруулга өгье. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гэрт нь хулгай орсон тухай гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу шалгаж, 1972 онд төрсөн Ц гэгчийг холбогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа. Мөн цагдаагийн алба хаагчтай холбоотой асуудал ярьж байгаа. Энэ дагуу бид албаны шалгалт хийнэ. Шалгалтын дараа мэдээлэл өгнө.
Мөн автобусанд халаас ухаж байгаа бичлэг гарсан. Энэ бол 2018 онд болсон үйл явдал бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шалгаж хариуцлага хүлээлгэсэн байгаа. Түүнчлэн 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр сэтгүүлч А.Анхзул өөрийн цахим хуудаснаа оройн 22.00 цагт мэдүүлэг өг гэж залгасан тухай бичсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэгдүгээрт, цагдаагийн алба хаагч түүнийг мэдүүлэг өг гэж утасдаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Дуудлага өгсөн хүн нь Баянзүрх дүүргийн харьяат Д гэгч нь төрийн албан хаагчийн нэр барьж, сэтгүүлч рүү ярьсан болох нь тогтоогдсон. Уг асуудалд шалгалтын ажиллагаа явуулж төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьсан этгээдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар тухайн иргэнд зөрчлийн хэрэг нээн, 500 мянган төгрөгөөр торгосон байгаа. Цагдаагийн алба хаагч шөнө оройн цагаар дуудсан зүйл байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )