УИХ-ын Төрийн байгуулалт, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Ингээд дээрх Байнгын хороод дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
Хурлын үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны дөрөвдүгээр сараас ажиллаж байгаа. Уг төслийг Франц улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх юм” гэж байлаа.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулах юм байна. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, гурван зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, гурван зогсоолтой байх аж. Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хайран 60 сая доллар ард түмэн төлнө дөө.Энэний оронд гэр хорооллоо оронсууцжуулсан бол хэдэн бор хүүхдүүд ус цасандаа орж соёлжих байсандаа.Ард түмний хөрөнгөөр гараа угаасан новшнуудыг дахиж битгий сонго.