Ялсан намын ЯВСАН ГУРАВ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч, ялалт байгуулсан эрх баригч намынхан өнгөрсөн хугацаанд гурван гишүүнээ явуулжээ. Эхлээд Д.Гантулга, дараа нь Б.Батзориг, тэгээд Н.Номтойбаяр нар парламентыг орхисон байдаг. Тэдний нэг нь ялаа эдэлж байгаа бол нөгөө хоёрынх нь хэрэг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд яваа юм.

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ЯЛАА ЭДЭЛЖ БАЙНА- 

Өнгөрсөн 2016 оноос эхэлж хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг 2018 оны зургаадугаар сард түдгэлзүүлсэн байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх хуулийн хамгаалалтыг нь "тайлсан" тэр цагаас Д.Гантулга шүүхийн үүд сахих болсон. Эцэст нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүхээс гэм буруутайд тооцож, хоёр жилийн ял оноосон юм. Одоо тэр ШШГЕГ-ын харьяа хорих ангид ялаа эдэлж байна.

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.БАТЗОРИГИЙН ХЭРЭГ ПРОКУРОРЫН ШАТАНД ЯВНА-

Хүнс, хөдөө, аж ахуйн салбарыг толгойлж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа бөгөөд тэрбээр хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдэхийг хүссэн байдаг.

Шүүх хуралдаан хэд, хэдэн удаа хойшилсон. Улмаар шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан юм. 

Харин Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр чөлөөлсөн юм. Түүнийг гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлөх санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд 47 гишүүний 27 нь чөлөөлөхийг нь дэмжсэн билээ. 

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯР БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ-

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг хуулийн байгууллагаас гурван үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тухайлбал, түүнийг Ш.Батхүү агсны хэрэг дээр худал мэдүүлэг өгсөн, Төрийн ордонд мэдээлэл хийхдээ бүрэн эрхээ эдэлж, хуулийн байгууллагад нөлөөлөхийг завдсан болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Харин Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг парламент өнгөрсөн нэгдүгээр сард хүлээн авч, гишүүдийн олонх чөлөөлөхийг дэмжсэн байдаг. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ удаагийн парламентын ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээ мэдэгдсэн. Улмаар хуульд заасны дагуу тухайн тойргоосоо 800 хүний гарын үсэг цуглуулах ажилдаа ороод байгаа юм. Харин нөгөө талд тэрбээр саяхан АТГ-т очиж яллах тогтоолтойгоо танилцсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(183.197.62.253) 2020 оны 05 сарын 11

Chi garahgui ee

0  |  0
Ц Бопдоо(202.72.245.124) 2020 оны 05 сарын 11

Ялсан нам яаж өрсөлдөнө гээд байгаа юм бэ манай ард түмэн ч тарвага шиг хошгирч байгаад алуулдаг ард түмэндээ хөөрхий дампуурах замдаа аль эрт орсондоо

0  |  0
Top