Б.Батбаатар: ФАТФ-ын албан ёсны хариу ирэх сарын 24-25-нд гарна

2020 оны 05 сарын 21

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтаас хурдан гарах ёстойг Европын холбооны шийдвэр сануулж буй. Тэгвэл Саарал жагсаалтаас гарах үйл явц ямар шатанд явааг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас тодруулав.


Монголбанкнаас гаргасан мэдэгдэлд Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар тайлангаа амжилттай хамгаалбал аравдугаар  сар гэхэд Саарал жагсаалтаас гарах боломжтой гэж мэдэгдсэн байсан. Хурлаар манай тайланг хэрхэн хэлэлцсэн бэ?

Бид  нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон Ази Номхон далайн хамтарсан бүлгийн (АНДХБ)  хурлаар дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээрх зургаан  ажлыг танилцуулж хамгаалсан. Парис хотноо  хоёр дугаар сард болсон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит хуралдаанаар Монгол Улс нийт үүрэг даалгаврынхаа 50 хувийг биелүүлж хангалттай үнэлгээ авсныг зарласан. Ингээд бидэнд  гурван ажил үлдсэн. Гэвч Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ФАТФ-аас Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-ийн үйл явцыг зогсоож, улс орнуудыг хянах явцыг дөрвөн  сараар хойшлуулсан. Уг шийдвэрийг гаргах талаар манай улсад урьдчилан мэдэгдсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдаас ФАТФ-ын ерөнхийлөгчид хандан Монгол Улс хяналтын үйл явцыг үргэлжлүүлэн, хийсэн ажлаа тайлагнах, хамгаалах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Ингэхдээ цахим хэлбэрээр хамгаалах тухай хүсэлт гаргасныг ФАТФ-ын ерөнхийлөгчөөс албан ёсоор хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн. ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл маань идэвхитэй ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Монгол Улс АНДХБ-т  тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан. Хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Хурлын үр дүн урьдчилсан байдлаар тавдугаар сарын 28-нд гарч, ФАТФ-ын албан ёсны хариу  зургаадугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа.

ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотойгоор төрийн байгууллагуудын оролцоо ямар байгаа вэ. Үлдсэн гурван ажил дээр ямар байгууллагууд ажиллаж байна?

Саарал жагсаалтаас гарах ажилд холбогдох бүхий л төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын идэвхи хүчин чармайлт чухал. Засгийн газраас Монгол Улсыг ФАТФ-ын Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулсан. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хамтын ажиллагааны зөвлөл ажилладаг. Эдгээр ажлын хэсэг болон зөвлөлд холбогдох төрийн бүхий л байгууллагууд байгаа. Ажлын хэсэг, зөвлөл тогтмол хуралдаж, холбогдох ажлын даалгаврын дагуу тодорхой төлөвлөгөөтэйгөөр маш эрчимтэй ажиллаж байгаа. Үлдсэн гурван ажлын даалгавар дээр Монголбанк, Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ, УЕПГ, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбоод маань идэвхтэй хамтран ажиллаж байна. 

ФАТФ-аас манай улсыг стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулахдаа дөрвөн шалгуур үзүүлэлтийн хүрээнд зургаан үүрэг даалгаврыг 2019 онд өгсөн. Хэрэв манай улс үлдсэн ажлууд дээрээ 100 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэгдсэн тохиолдолд жагсаалтаас гарах уу.  ФАТФ-ын үнэлгээний үйл явц хэрхэн явагдах вэ?

Монгол Улсад одоогийн байдлаар гурван ажлын даалгавар үлдсэн гэдгийг би дээр хэлсэн. Хэрвээ ФАТФ-ын зургаадугаар сарын 24-25-ны өдрийн хурлаар ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзвэл тусгайлсан ажлын баг гарган Монгол Улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай улс ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврыг үнэхээр биелүүлсэн эсэхийг газар дээр шалгах, төрийн голлох байгууллагуудын удирдлагууд болон зарим мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөлтэй уулзах, мөнгө угаахтай тэмцэх манай орны улс төрийн өндөр эрмэлзэл байгаа эсэхийг хянах үйл явц юм. Уг үйл ажиллагаа нь ФАТФ-ын дараагийн хурлаас өмнө болох ёстой тул аравдугаар сараас өмнө хийгдээд дууссан байх ёстой. Хамгийн гол зүйл нь Монгол Улсын явцын хяналт тогтмол үргэлжлэх тул бид өмнө гаргасан идэвх, хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой.

Европын холбооноос гаргасан хар жагсаалтын талаар тодорхой тайлбарлаж өгнө үү. ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон гэх улс орнуудад Европын орнууд санхүүгийн хориг арга хэмжээ авахаар боллоо гэсэн ойлголт олон нийтийн дунд төрсөн?

Европын холбооноос гаргасан аргачлал, журам дээр хар жагсаалт гэсэн нэршил байдаггүй бөгөөд элчин сайд ч мөн хар жагсаалт гэх ойлголт байхгүйг мэдэгдсэн. Албан ёсны нэршил нь “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон” гэдэг нэршил байгаа. Энэ нь олон нийтийн сүлжээнд, харилцагчдыг төөрөгдүүлсэн буруу мэдээлэл өгөх үндэс болж байна.

Европын Комиссоос гаргасан мэдэгдэлд жагсаалтанд орсон улсад хөгжлийн тусламж үзүүлэх, худалдаа бизнесийн харилцаа үүсгэхэд ямар ч төрлийн хориг арга хэмжээ авахгүй талаар мэдээлсэн. Үүнийг манай улсад суугаа суурин төлөөлөгч, Европын холбооны элчин сайд ч уулзалтын үеэр тэмдэглэж хэлсэн. Гэхдээ банк, санхүүгийн байгууллагууд нь жагсаалтанд орсон улс орнуудын банкнаас хийх гадаад гүйлгээнд нэмэлт хяналт тавьж, харилцагчийг таньж мэдэх үйл явцад нэмэлт мэдээлэл шаардах тохиолдлууд гарна.

Европын Комиссын жагсаалтад орох болсон цорын ганц шалтгаан нь Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан явдал юм. Өөрөөр хэлбэл ЕХ-ны аргачлал, журмын дагуу ФАТФ-ын саарал жагсаалтад байгаа бүхий л улс орнуудыг автоматаар өөрсдийн жагсаалтдаа оруулдаг байгаа. Европын Комиссоос жагсаалт гаргасан хэдий ч Европын Парламент болон Зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлж баталгаажуулах процесстой. Энэ үйл явц нь ойролцоогоор 1-2 сарын хугацааг хамарна гэж харж байна. Хэрэв батлагдвал аравдугаар сараас эхлэн хэрэгжинэ гэдгийг Европын холбооноос мэдээлсэн. Тиймээс бидний хувьд хамгийн чухал анхдагч алхам бол ФАТФ-ын жагсаалтаас гарах юм. Монгол Улсын нэгэн адилаар ФАТФ-ын Саарал жагсаалтад багтсан Исланд болон Албани Улс нь Европын Холбооны гишүүн орон биш боловч эдийн засаг, худалдааны чухал түнш, Европын Холбооны эдийн засгийн бүст хамаарах улс орнууд учраас Европын Комисс өөрсдийн жагсаалтад оруулаагүй шийдвэр гаргасан байсан. 

Тэгвэл ФАТФ ЕХ-оос гарах энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авах бол, энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?

Манай ажлын хэсэг  тавдугаар сарын 7-ны өдөр ФАТФ-тай цахим хурал хийх үеэр энэ талаар тодруулсан. ФАТФ-ын мэдэгдсэнээр Европын холбооны үйл ажиллагаа нь ФАТФ-аас тусдаа бөгөөд хяналтын үйл явцад нь ямар нэг байдлаар нөлөөлдөггүй болохыг мэдэгдсэн. Иймд Монгол улсын ОУХАХБ-ийн хяналтын үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаа.

ФАТФ-аас Монгол Улсад үүрэг даалгавар өгч, хэрэгжүүлэх хугацааг 2021 оны  тавдугаар сар хүртэл байхаар тогтсон ч манай улс энэ оны аравдугаар  сар гэхэд гүйцэтгэлээ хангах төлөвлөгөөтэй байгаа. Ийм боломж бидэнд бий юу?

Монгол Улсыг ФАТФ-ын жагсаалтаас гаргах ажилд төрийн бүхий л шатандаа өндөр хэмжээний ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаа. ФАТФ-аас Монгол Улсыг богино хугацаанд өндөр ахиц гаргасан талаар мэдээлсэн. Нөгөө талаар бид энэ жагсаалтад удах эрх байхгүй. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийг бодсон ч тэр боломжит хамгийн богино хугацаанд гарах ёстой. Үүний төлөө холбогдох ажлын хэсгүүд эрчимтэй ажиллаж байгаа. Гол нь ФАТФ-ын хурлаас гарах албан ёсны үр дүнгээр бидний ажил үнэлэгдэнэ.

Эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөө ямар байх вэ?

ФАТФ-ын жагсаалт нь эдийн засагт гадаад гуйвуулга, гадаад худалдаа, худалдааны санхүүжилт, санхүүгийн салбарын хөгжил, гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал, хөрөнгө оруулалт гэсэн сувгуудаар нөлөөлдөг. Банк санхүүгийн салбарт корреспондент банкны үйл ажиллагаагаар дамжиж нөлөөлдөг. Өөрөөр хэлбэр банкуудын гадаад төлбөр тооцоонд харилцагчийг таньж мэдэхтэй холбоотойгоор нэмэлт мэдээлэл шаардах, илүү мэдээллийг нягтлах тал дээр нэмэлт цаг хугацаа шаарддаг. Түүнээс гадаад төлбөр тооцоо зогсох, гадаадын шууд хөрөнгө оруулалтууд, төсөл хөтөлбөрүүд шууд зогсох зэргээр туйлшрах нь өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ ФАТФ-ын жагсаалтад удах нь дээр дурдсан асуудлуудыг улам хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Иймд бид боломжит хамгийн богино хугацаанд ФАТФ-ын жагсаалтаас гарах ёстой. Энэ ч чиглэлээрээ эрчимтэй ажиллаж байгаа.

Бидэнд цаашид анхаарах асуудал бий юу?

Цаашид мөнгө угаах, терроризмтой тэмцэх Монгол Улсын үндсэн тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч, холбогдох бүх байгууллагууд тогтмол арга хэмжээ авч ач холбогдол өгч хамтран ажиллах ёстой. Энэ бол олон улсын стандарт, журам заавар хурдацтай өөрчлөгдөж байгаа, тавигдах шаардлага өдөр ирэх тусам нарийн болж байгаа өнөөгийн нөхцөлд бидний зайлшгүй анхаарч авч үзэх ёстой асуудал.

Мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх Монгол Улсын тогтолцоог үнэлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажил эдгээр ажилтай зэрэгцэн ид өрнөж байна. Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан үндсэн ажлын хэсэг болон 10 дэд ажлын хэсэгт нийт 30-аад байгууллагын 100-аад төлөөллөөс бүрдсэн том баг ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд үндэслэн харилцан үнэлгээний багийн үнэлгээ гарах болно, цаашлаад Монгол улсын МУТСТ тогтолцооны дараагийн дунд хугацааны үнэлгээний үндсэн чухал суурь болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад(202.9.46.29) 2020 оны 05 сарын 21

Ц.Элбэгдоржийн мафийн хар мөнгөнөөс болж Монгол улс хар жагсаалтанд орж байгаа юм биш үү !!!!!!

0  |  0
Top