Хазал Филиз Кючюккёсе: Би ухаангүй дурлаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

“SBN” телевизээр үзэгчдэд хүрч буй “Эмми”-гийн шагналт анхны турк кино болох “Мөнхийн хайр”-ын гол дүрүүдийн нэг Зейнепийн дүрийг бүтээсэн жүжигчин Хазал Филизийн ярилцлагыг орчуулан хүргэе. Хазал Филиз Кючюккёсе нь 1988 оны хоёрдугаар сарын 9-нд Туркийн Мерсинд төржээ. Тэр ихэр. Бүсгүйн ихрийг Дениз гэдэг бөгөөд тэд маш адилхан.

Туркийн сайхан бүсгүйчүүдийн нэг Хазал Фелиз “ALL Magazine”-д ийнхүү ярьжээ.


-Таны тоглосон шинэ уран бүтээл “Zemheri” сериалыг гарч эхлээд л олны анхаарлыг их татсан. Хэрхэн энэ бүтээлд тоглохоор болсон юм бэ?

-Менежертэйгээ шинэ уран бүтээлүүдийн талаар ярилцаж байхад “Zemheri” орж ирсэн. “Мөнхийн хайр”-т тоглосонтой адил нөхцөл байдал үүссэн. Бид олон кинон дотроос нэгийг нь сонгох хэрэгтэй болсон. Гайхалтай эмэгтэй Хилял Сарал болон “Ay Yapim” компаниас болж би энэ бүтээлд санал болгож байгаа дүрийг уншиж үзэхээр шийдсэн.

-Карьерт тань “Zemheri” ямар байр суурийг эзэлдэг вэ?

-Энэ эмэгтэйн дүрийг бүтээх гэж би их хөдөлмөрлөсөн. Тэр надад юу сургасан гэдэг нь миний хувьд их сонирхолтой байдаг. “Zemheri” бол би юу чаддаг, жүжиглэлтээрээ хэр хол явахыгаа мэдэж авахыг хүссэн уран бүтээл байсан.

-Та их хэцүү хүний дүр бүтээсэн. Нэг дор олон мэдрэмжийг авч байсан байх. Өмнө нь тоглосон дүрүүдээс харахад энэ дүр танд илүү онцгой тохирсон харагдаж байна. Шалтгаан нь юунд байна?

-Би өөрийгөө сорих дуртай. Гүн, гайхалтай дүрүүд надад таалагддаг. Ажлаа маш дуртайгаар хийдэг. Дүрээ дүгнэж цэгнэж эхлэхдээ түүнд бүрэн уусаж, мэдрэмжээр нь амьдрах надад таалагддаг юм.

-Дүрдээ бүхий л сэтгэлээрээ автах үе байсан уу?

-Миний амьдралын нэг уриа бол тэнцвэртэй байх. Би үүнийг биелүүлэхэд их хүч зарцуулдаг. Заримдаа би хэт автах гээд байх үедээ балансаа тааруулдаг. Өөр хүний өмнөөс өөрөөсөө илүү санаа зовох тал дээр балансыг нь тааруулдаг байх ёстой.

-Хүн бүрд хэцүү нөхцөл байдалтай тэмцэх өөрсдийн арга байдаг. Таны амьдралын хандлага ямар бол?

-Миний дотор дайчны сүнс байдаг юм. Өөрийгөө тэрслүү гэж хэлж чадна. Би бүх айдастайгаа нүүрээрээ шууд тулдаг. Яахаа мэдээ байх нь их хэцүү үе байдаг л даа. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг илүүд үздэг.

-Жүжигчний ажлаа театраас эхэлсэн. Дахиад хэзээ таныг тайзан дээрээс харах вэ?

-Театрын тайз бол жүжигчин бүрийн хүсдэг онцгой газар. Их хөдөлмөр, цаг шаарддаг. Театрын тайзан дээр байхыг их хүсдэг ч зураг авалтын ажил их цаг авч байна. Иймээс би театрын ажилдаа анхаарал хандуулж чадахгүй байгаа. Сериалын ажлуудаа дуусгаад эргээд театртаа очно оо.

-Жүжигчин байх нь таны амьдралд хэрхэн нөлөөлж байна?

-Амьдрал, бие организмд маань бүхэлд нь нөлөөлж байна. Жүжигчний ажлыг зөв чиглүүлж чадвал чамайг соёл, боловсрол, туршлагын хувьд баян болгоно.

-Бясалгах арга барилаасаа хуваалцаач?

-Шөнө унтахдаа сонсдог бясалгахад зориулсан хөгжим намайг тайвшруулдаг. Хүнд, ажил ихтэй өдрийн дараа би байнга ийм хөгжим сонсдог. Үүнээс гадна амарч тайвшрах бас нэг гайхалтай арга бол нохойтойгоо тоглох байдаг.

-Та их туранхай. Энэ юуны үр дүн юм бэ?

-Би олон жил спортоор хичээллэсэн нь надад их хүчтэй нөлөөлсөн. Бидний биед бүхий л амьдралын туршид биеийг маань формонд нь барьж байдаг булчингийн үйлчлэл гэж байдаг. Спортыг үл хайхрахгүй байж, дадал зуршлаа болгож хувиргах нь чухал. Үүнийг л зөвлөмөөр байна.

-Хооллолтын дэглэмтэй юу?

-Идэж, ууж байгаа зүйлдээ их анхаардаг. Биологи, химийг судалж байсан. Хүн бүр өөрийгөө таньж мэдэх ёстой. Урьд нь эрүүл хооллолт гэж боддог байсан зүйл надад хортой нөлөө үзүүлж байсан. Одоо бол би хоол хүнсэндээ илүү анхааралтай ханддаг болсон. Хооллолт бол илүү бие даасан байх ёстой. Надад сайн нөлөө үзүүлсэн зүйлс бусад хүнд хор болох нь бий. Өөрийн биед юу тохирдгийг мэддэг болсон. Спортын хувьд ч өөрт тохирсон спортоороо хичээллэх ёстой.

-Өөртөө анхаардаг дадал зуршлаасаа яриач?

-Хамгийн чухал ганц дадал бол арьсаа арчлах. Бидний арьс өдөр бүр янз бүрийн туршилтад өртөж байдаг. Нүүр будалтаас эхлээд л... Зураг авалтын дараа би шууд нүүрээ угаадаг. Зураг авалтгүй өдөр ч хамгийн багадаа 20 минутыг арьсаа цэвэрлэхэд зориулдаг даа. Органик зүйлийн орцтой бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг. Мөн ус ихээр ууж, шинэ ногоо, жимс иддэг.

-2020 онд бид шинэ үе шат руу орж байгаа гэж ярьдаг. Энэ жилийн талаар та юу гэж бодож байна?

-2020 оныг шинэ үе шат, бүх зүйл дахин эхэлсэн гэж тодорхойлсон байна лээ. Би үүнийг энергийн түвшинд мэдэрч байгаа. Бид бүгд үүнийг тодорхой хэмжээгээр мэдэрч байгаа. Миний хувьд 2020 он шинэ арваны эхлэл болсон. Амьдралаа хэрхэн өнгөрүүлэхээ шийдвэрлэх хэрэгтэй болсон. Үнэндээ би шинээр төрсөн мэт бүгдийг тэгээс нь эхэлсэн шүү. Шинэ онд шинэ амьдрал эхэлнэ гэж би өөрийгөө сэдэлжүүлсэн. Хүч, зориг хүрч, өөрийгөө бэлтгэж байсан тэр амьдралдаа орж чадна гэж найдаж байна.

-“Мөнхийн хайр” сериалын тухайд?

-Зураг авалтаа маш их санаж байна. Бид гайхалтай хамтарч ажилласан, харилцаа үүсгэсэн. Бид нэг том гэр бүл гэсэн үг. Ядарсан ч эрч хүчнүүд маань эргүүлээд сэргээдэг байлаа.

-Энэ сериал таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?

-Бүх зүйлд өөрийн цаг үе гэж байдаг. Хэзээ нэгэн цагт “Мөнхийн хайр” надад туршлага болон үлдсэн байна. Өмнөх бүх дүрүүд маань тэгсэн. Одоо бол ажлаасаа кайф авч, илүү сайн хийхийг хичээж байна. Амьдралд илүү итгэлтэй алхаж байна гэх үү дээ.

-Зейнепийн дүр танд юу өгсөн бэ?

-Зейнепийн дүр надад хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл хоёрын ялгааг ойлгуулсан. Зейнеп бол амбицтай бүсгүй. Тэр хэн нэгнийг зовно гэж боддоггүй, зорилгодоо л хүрэхээр зүтгэдэг. Түүний дүр надад хичээл зүтгэл нь илүү үнэнч мэдрэмж, үүний ачаар л амжилтад хүрдэг гэдгийг ойлгуулсан. Зейнепийн дүр бүгдийг хийж чаддаг нь дүрээ уншиж байхад их сэтгэгдэл төрүүлж байсан.

-Тэр ухаангүй дурласан...

-Хайр Зейнепийн амьдралыг бараантуулсан. Би харин тэгж ухаангүй хайрлаагүй. Үргэлж тэнцвэртэй байсан. Мэдээжийн хэрэг өөр юуг ч харалгүйгээр тэр мэдрэмжээ дагадаг үеүд байсан. Гэхдээ дараа нь бүх зүйл өөрийн гэсэн утгатай болохыг ойлгосон. Миний туршлага амьдралд маань тодорхой байр суурь эзэлжээ. Эргээд харахад би бүгдийг даван туулсан нь сайхан. Хэрвээ тэгсэн бол... гэж хэзээ ч яриагүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.158) 2020 оны 05 сарын 30

Nihanaas ch goy

0  |  0
zochin(202.126.88.158) 2024 оны 08 сарын 23

Nihanaas ch goy

1  |  0
zochin(202.126.88.158) 2024 оны 08 сарын 23

Sain jvjirchin saihan ch emegtei

1  |  0
Top