Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 11 бүлэг, 54 зүйл, 186 хэсэг, 258 заалтаас бүрдэж байгаа юм. Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалт, зохион байгуулалт, албан тушаалтны хэрэгжүүлэх эрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүрэг хариуцлага, гамшгийн үед хүний эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрхзүйн байдлыг хангах, нэмэлт өөрчлөлт оруулж, хуульд давхардсан зарим хэсэг, заалтыг хүчингүй болгосон.
Тухайлбал,
· Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсан.
· Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж, Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт орууллаа.
· Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн.
· Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлж, алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллах алба хаагчдад нэмэгдэл олгох, албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагчдад нөхөн олговор олгох эрхзүйн орчныг бүрдүүллээ.
Гамшгаас хамгаалах хуульд дээрх өөрчлөлтүүдийг оруулсанаар аливаа гамшгийн үеийн удирдлага зохицуулалт, салбар дундын нэгдсэн хамтын ажиллагаа, зохион байгуулалт сайжирч, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэний үүрэг хариуцлага нэмэгдэж, алба хаагчдын эрхзүйн байдал дээшлэх нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )