“Улаанбаатарын тэнгэрт бараан үүл хуралдаж нийслэлийн иргэд айдаст автав. 2020 он”. Хожмоо Монголын түүхэнд нэг иймэрхүү л мөрөөр дурсагдаж үлдэх байх даа. Бороо Улаанбаатарыг угаахгүй харин урсгадаг болоод цөөнгүй жил өнгөрлөө. Агаар хөрсний бохирдол, түгжрэл, түлхэлдсэн барилгажилт гээд нийслэлийн зовлон мундахгүй. Тийм ч болохоор үер усны асуудал арын эгнээнд, анхаарлын гадна явж ирсэн юм. Гэхдээ даруй анхаарах цаг нь өнгөрөөд өчнөөн жил болж байхад дарга нар маань хөдөлж өгсөнгүй өнөөдрийг хүрлээ. Сүүлийн борооноор бүр зам хууларч хивс шиг хөвөөд явчихаж байна лээ. Энэ мэтээрээ бол ирээдүйд хийх агаарын зам л тэсэх юм байна. Ирэх намар нийслэлийн удирдлагуудыг солих сонгууль болно. Сонгууль дөхүүлээд бидэнд жаргалтай амьдарч байгаа гэж итгүүлэх гээд хөөсрөөд эхэлнэ дээ. Баахан ажил хийсэн үндэсний удирдагч байхад тохирох хүмүүс гарч ирээд магадгүй “Хүчээ нэгтгэе” бария гэх байх. Ингэж үерт машин тэрэг, цардмал замтайгаа урсаж, зуслангийн бүх шээс баасыг зөөж ирсэн ус, шалбаагийг үр хүүхдүүдтэйгээ туучиж сайхан амьдардаг юм уу. Зуныг Улаанбаатарын иргэд “Уртын харайлтын улирал” хэмээн нэрлэж байна. Өөр илүү оносон нэр байна уу. “Аз жаргалтай Улаанбаатар” гээд явчих вий дээ.
УИХ-д төлөөлөгч сонгохдоо “Очоод хууль боловсруулах, батлах ажилд биднийг төлөөлөөрэй” гэж явуулдаг юм. Харин аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүн сонгохдоо “Бидэнд ийм, тийм зовлон бий шүү, шийдвэрлээрэй” гэж аж ахуйн ажилд тавьдаг хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилд тэгвэл Улаанбаатар яаж өөрчлөгдсөн бэ. Засгийн газраас шийдвэр гаргаж дээр, дооргүй хөдөлж байж утаа буурлаа. Үүнээс өөр гялайж гялтайх юм байна уу. Засаг даргаар ажиллаж байсан нэг нөхөр УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд зориулж өөрийнхөө нэр дэвших тойрог болох Налайх руу зам тавьсан байх. Бусад ажил нь гэхээр хэдэн чулуу талбай тойруулж тавиад сүүлд нь хотоор нэг тараагаад хөл гард тээгэлдүүлсэн. Өчнөөн асуудал овоорчихоод байхад усан оргилуур байгуулна гээд далийгаад явчихсан гэсхийгээд дуусаж байна. Тэгэхээр нийслэлийн дарга нар одоо хийх ажлаа жаахан эрэмбэлж сурмаар байна аа. Гурван тэрбумаар зөөврийн устай усан оргилуур хийж түүнийгээ харж баясаад байх хэрэггүй. Угаасаа хот үерт автаад уснаас илүү зовлонтой юм алга. Одоо дахиад гурван тэрбумаар нэг том даргын амралтыг тохижуулаад бусад дарга нарт зориулсан наадам хийх гээд явж байна. Энэ хойгуур чинь хорооллоос 25 хүрэх зам урсаад явчихсан шүү.
Ж.Батбаясгалан гэж залуу хоёр дахь удаагаа хотын даргын үүрэг гүйцэтгэгч хийж байна. Залуу хүн албан тушаалд түр ч гэсэн очих сайхан л байгаа байх. Гэхдээ албан тушаалдаа эзэн болно гэж өөр юм бий. Энд тэнд очиж дарга гэдгээ бусдад мэдрүүлж баахан юм ярих, хийх хоёр ондоо гээд байгаа юм. Түр даргын ажлыг түр зуурын ширүүн бороо л шалгачихаж байна шүү дээ. Тийм болохоор Ж.Батбаясгалан өмнөх юу ч хийдэггүй хотын дарга нарынхаа араас явах биш ядаж энэ асуудлыг шийдчихвэл тайзан дээр шовойгоод л гараад ирнэ дээ. Жишээ нь, тэр “Имарт”-ын урд тал жил бүр л үерт автаж машин тэрэг урсаж байдаг. Зуу хүрэхгүй метрийн зайд Сэлбэ гол урсаж байхад өдий болтол яагаад ганц шуудуу татчихгүй байгаа юм бэ. Шийдэл нь дэргэдээ байгаа л асуудал шүү дээ.
Үерийн ус ямар аюултай болохыг энд бичээд байх нь илүүц юм. Гэхдээ зах зухын танин мэдэхүйн мэдээлэл өгөхгүй бол хотын удирдлагууд мэдэхгүй байх шиг байна. Өвдгөөр татахаар үеийн усанд яагаад хүмүүс амиа алдаад байдаг вэ гэвэл тэр ус чинь аймшгийн хүйтэн байдаг юм. Түүнийг туулж яваа хүний шөрмөс нь татаад хэвтчихдэг. Ингээд дуусна. Үүн дээр цахилгааны утаснууд чинь шалбарсан бол тэгээд нэмэлт аюул болж байгаа юм. Хамгийн хэцүү нь үерийн ус Улаанбаатарын аварга том гэр хорооллын жорлонг халиаж баас шээсийг нь гудамжаар, хотын төвөөр нэлд нь урсгаж бүгдэд хүртээж байна. Тэр их бохирыг иргэд туучиж, машины дугуйгаар нэг нэг рүүгээ цацаж байгаа. Корона вируснээс илүү энэ их ус л биднийг халдварт өвчнөөр үй олноор нь гэмтээнэ. Гурван тэрбум төгрөгөөр наадам хийх гэж байхаар түүгээрээ үерийн усны асуудлыг шийдээч ээ гэж гуйгаад байгаа нь ийм учиртай. Зам барьж байгаа компаниудаас арван хувийг нь авна гэж авлига нэхэж байхаар ус зайлуулагчийг стандартын түвшинд хийлгэж авахыг шаард л даа. Урсаад явчихдаг замтай байгаа нь иргэдийн буруу биш итгэж сонгосон хүмүүсийнх нь хулгайч зан чанартай л холбоотой. Жилийн ихэнх үед хахир хүйтэн байдаг манай улсад зун цаг нэг ёсны баяр хөөр болдог. Монгол хүн зуны улиралд сэтгэл тэнүүн байдаг юм. Харин төрт ёсны мянган мянган жилийн түүхтэй Монгол Улсын нийслэлийн иргэд бараан үүл харахдаа царай барайж явдаг боллоо. Сонгууль чинь ч ойртлоо. Дарга нар маань ядаж нэг ч гэсэн шуудуу хийнэ байгаа.
Сэтгэгдэл ( 3 )
Ene bicheed baigaa nuhduudeer neg hotin darga hiilgehimsan!yaaj balarch baatsganaldaj yabah bol ha ha ha ha
Цаг уурын өөрчлөлт болж бидний багад халуун орны аадар бороо гэж үздэгсэн энэ одоо манайд орох боллоо үүнд зохицож амьдрах ёстой суваг шуудуу үүнтэй уялдуулах хэрэгтэй
Ёстой гайхах юм байхгүй шүү найз нараа.