Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Бямбадорж, ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар өгөв.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Хурдан морины уралдааныг таван телевиз шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан зураглалын дагуу ажиллах аж. Тус зураглалд уяачид болон морь ачсан тээврийн хэрэгсэл хаана байрлах зэрэг мэдээллийг тодорхой зааж өгсөн гэдгийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.
7 дугаар сарын 10-нд 07:00-11:00 цагт хязаалан нас, 12:00-14:30 цагт эрлийз дунд насны морьд уралдана.
7 дугаар сарын 11-нд 07:00 цагт азарга, 12:00 цагт их нас, 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.
7 дугаар сарын 12-нд соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана. Ийнхүү уралдаан дууссаны дараагаар морь цоллох ажлыг Хүй долоон худагт зохион байгуулах аж.
Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Морь унаач хүүхдийн бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдөр уламжлалт байдлаараа Хүй долоон худаг дээр бүртгэл үргэлжлэн явагдаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүртгэл хийж байгаа.
Уяачдадаа хандаж хэлэх зүйл байна. Хурдан морины хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ч халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Даатгалд хамрагдсан байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх зэрэг үндсэн шаардлагууд өмнөх жилийнх шиг шаардлагыг тавина. Өнгөрсөн жил “Таван Богд Корпораци” унаач хүүхдийн хамгаалалтын 200 хувцсыг үнэ төлбөргүй тараасан. Энэ жил хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг цаанаас олгохгүй учраас уяачид заавал хүүхдэдээ авч өгөх шаардлагатай. Хүй долоон худаг дээр бүртгэлийн үеэр даатгалын зургаан компани, хувцас хэрэглэл борлуулдаг хоёр ААН ажиллаж байгаа” гэв.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан журмыг баримталж монгол адууг эрлийз адуунаас ялгах ажлыг зохион байгуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Бямбадорж дэлгэрэнгүй мэдээллэв.Тэрбээр Монгол болон эрлийз адууны сэрвээ зэргийг тодорхой заасан журмыг тайлбарлав.
ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Цагдаагийн байгууллага Хүй долоо худагт уламжлал ёсоор олон нийтийн хэв журмын байдлыг ханган ажиллана. Энэ жилийн хувьд ард иргэд хурдан морьдын уралдааныг цахимаар үзэх учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй. Мөн автомашины зогсоолыг ашиглуулахгүй. Нэг чигийн хөдөлгөөнд оролцуулах үүднээс өмнө нь бага зэрэг өөрчлөлт оруулдаг байсан. Энэ жилийн хувьд Хүй долоо худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь буюу хэсэг хугацаанд хязгаарлана. Хэрэв тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна” хэмээн мэдээлэл өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )