Таны төлсөн татвар юунд зарцуулагдсаныг www.irgen-tur.mn сайт мэдээлнэ

2020 оны 07 сарын 10

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр /2020.07.10/ иргэд, олон нийтэд танилцуулав.

Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Төгслхам, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн засаглалын хөтөлбөрийн менежер Г.Пүрэвтогтох нар хүргэлээ.

Эмхэтгэлийг боловсруулахад Дэлхийн Банк, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ. Тус эмхэтгэлд Нийслэл хотын 2020 оны хөгжлийн бодлого, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, төрөөс, мөн нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийнхээ төлөө, ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл багтсанаас гадна “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “ХОТ” бодлого, иргэдэд чиглэсэн ямар төрлийн үйлчилгээ, дэмжлэгийг хаанаас хэзээ авч болох зэрэг иргэдийн хөтөч, туслагч болохуйц мэдээллийг агуулснаараа өмнөх жилийнхээс онцлогтой юм байна.
 

Энэхүү эмхэтгэл нь Нийслэлийн татвар төлөгч иргэн таны болон нийслэлийн олон аж ахуйн нэгж байгууллагын  хөдөлмөрийн үр шимээс  бүрдэж байгаа төсвийг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх талаар  нээлттэй мэдээлэл өгч, цаашлаад иргэдийн хяналт, оролцоог дэмжихэд чиглэгдсэн гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү онцлон хэлэв.

Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn, www.irgen-tur.mn  цахим хуудаснаас татах боломжтой. 
 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top