Хурдан морины уралдааны үед УЛААНБААТАРААС ГАРАХ хөдөлгөөнийг хаана

2020 оны 07 сарын 10

Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнгөрсөн лхагва гарагт /2020.07.08/ холбогдох албаныхан мэдээлэл хийсэн. Энэ жилийн баяр наадмыг "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор, "үзэгчгүй" зохион байгуулж байгаа. Тухайлбал, хурдан морьдын уралдааныг цахимаар үзэх боломжтой учир иргэдийг талбайд нэвтрүүлэхгүй, уралдааны үед Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаах юм. Мөн Хүй долоо худагт автомашины зогсоолыг ашиглуулахгүй.

Энэ талаар, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. Хэрэв Хүй долоо худагт нэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд болбол хотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэн XIII зуун цогцолбор, Хүй долоо худагт болохоор болсон. XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүд машинаа байршуулна. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна” гэсэн юм.

Энэ жилийн  Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Хурдан морины уралдааныг таван телевиз шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан зураглалын дагуу ажиллах аж.

Хуваарийн дагуу өнөөдөр /2020.07.10/ хязаалан насны морьдын уралдаан 07:00 цагт эхлэх байсан ч бороо их орсны улмаас хойшлоод байна. Түүнчлэн энэ өдөр эрлийз дунд насны морьд уралдах хуваарьтай.

Харин маргааш, нөгөөдөр дараах насны морьд уралдах хуваарьтай байна.

7 дугаар сарын 11-нд 07:00 цагт азарга, 12:00 цагт их нас, 16:00-19:00 цагт эрлийз дээд насны морьд уралдана.

7 дугаар  сарын 12-нд соёолон, даага, эрлийз бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top