Ангараг гарагийг нээхийн цаана

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

Энэ оны долоодугаар сард Ангараг гараг руу АНУ, БНХАУ, АНЭУ зэрэг гурван улс сансрын хөлгөө илгээлээ. Ойролцоогоор хоёр жилд нэг удаа Нарны аймгийн гарагс Дэлхийгээс Ангараг гараг хүрэх аяллын хугацааг есөн сараас долоон сар хүртэл богиносгох боломжийг олгосон байрлалд ордог байна. Ингэснээр, цаг хугацааг төдийгүй пуужингийн түлшийг хэмнэх боломжтой. Энэ зун тэр цонх нээгдээд байгаа юм. 

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг энэ боломжийг ашигладаг уламжлал тогтсон. Дэлхий-Ангараг чиглэлийн өмнөх найман нислэгээс зургааг нь яг ийм цонх үед үйлдэж байжээ. Харин энэ удаад улаан гараг руу нэмж хоёр улс сансрын хөлөг хөөргөсөн нь БНХАУ болон Арабын Нэгдсэн Эмират Улс. НАСА агентлаг Ангараг гараг руу хөлгөө хөөргөж байсан туршлагатай бол Хятад, Нэгдсэн Эмиратын хувьд анхны гараа. Олон жилийн туршлагагүй ч тэдний төсөл амжилттай эхэлсэн юм. 

НАСА: Ангараг дээр амьдрал бий юу

НАСА агентлагийн “Марс-2020” хөтөлбөрийн сансрын хөлөг “Perseverance /Няцашгүй/” нэр авсан. Энэ нэрийг 2019 онд тус агентлагаас зарласан сансрын хөлөгт нэр зохиох уралдаанд сургуулийн сурагчдын ирүүлсэн 28 мянган нэрээс шилж авчээ. Сайн дурын шүүгчид сүүлийн шатанд таван хувилбарыг үлдээж, таван хоногийн турш тус агентлаг өөрийн цахим хуудсаар дамжуулан санал авсан билээ. Ялагчаар тодорсон долоодугаар ангийн сурагч Александер Мазер гэр бүлийн хамт Флорида дахь Канаверал хошуунаас өөрийнх нь хайрласан нэр бүхий хөлгийг хөөргөх үйл явцыг ажиглах эрхээр шагнуулсан юм. Харин сүүлчийн шатанд шалгарч үлдсэн 155 оролцогчдын нэрийг цахиурт бичил схем дээр бичиж, Ангараг гараг руу сансрын хөлөгтэй хамт хөөргөсөн юм. 

“Perseverance” өнгөрсөн пүрэв гарагт хөөрсөн бөгөөд улаан гарагт ирэх оны хоёрдугаар сарын 18-нд хүрэх ёстой. Сансрын аппарат Ангараг гарагийн экватороос зүүн зүгт орших Жезеро тогоонд газардах учиртай. Хөлөг Ангараг гараг дээр амьдрал бий эсэхийг тогтоож, энэ гараг дээрх агаар мандал ирээдүйд хүмүүс амьдрахад тохиромжтой болж өөрчлөгдөх эсэхийг судлах даалгавартай. 

Түүнчлэн НАСА агентлагийн мэдэгдсэнээр, “Perseverance” ус хайх зорилго агуулж байгаа тул Жезеро тогоог газардахад зориулж сонгожээ. Энэ тогооны бүсэд ширгэсэн голын бэлчир, нуурын ёроол байдаг гэж таамагладаг байна. Нийт 23 камер зэрэг орчин үеийн техник, хэрэгслээр бүрэн тоноглогдсон 1043 кг жинтэй аппарат Ангараг гараг дээр ус байх үед бүрэлдэн тогтсон чулуулаг, хөрсний дээж авах юм. Түүнчлэн “Perseverance” хөлөг MOXIE төхөөрөмжийн тусламжтай улаан гарагийн гол төлөв нүүрсхүчлийн хийнээс бүрдсэн агаарын мандлаас хүчилтөрөгчийг ялган авах үүрэгтэй. Үүний сацуу сансрын хөлөг удирдлагатай “Mars Helicopter” нисдэг аппарат хөөргөх замаар ойр орчмоо нарийвчлан судлахаас гадна хоёр микрофоны тусламжтай Ангараг гарагийн дуу чимээг сонсох боломж олгох юм. Сансрын хөлгийн өрөм, автомат гарын тусламжтай цуглуулсан чулуулаг, хөрсний дээжийг ариутгасан төмөр саван хийж, улаан гарагийн гадаргуу дээр үлдээх бөгөөд эдгээрийг Дэлхийд авчрахын тулд НАСА агентлаг 2026 онд тусгай хөлөг хөөргөхөөр төлөвлөжээ. 

Хятад: Америкийг гүйцэж, төрүүлнэ 

Хятадын сансрын хөлөгт “Tianwen-1 /Тэнгэрт тавих асуултууд/” гэсэн Эртний Хятадын агуу их яруу найрагчдын нэг Цюй Юанийн /МЭӨ 340-278 он/ найраглалын нэрийг хайрлажээ. Тус хөлөгт нэр сонгох уралдааныг 2016 оны наймдугаар сарын сүүлээр явуулсан бөгөөд уралдаанд ирүүлсэн 36 мянган хувилбараас онлайн санал асуулга явуулах замаар сонгон авчээ. Уралдааны ялагчийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр буюу Хятадын сансрын өдрөөр тодруулсан юм. Хятадын сансрын үндэсний агентлагийн мэдэгдсэнээр, ирээдүйд бусад гарагсыг судлахаар хөөргөх сансрын хөлгүүдэд “Tianwen” нэрийг хайрлах аж. Сансрын аппаратыг энэ сарын 23-ны өдөр “Чанчжэн-5” пуужин тээгчийн тусламжтай Хайнань арал дахь “Вэнчань” сансрын буудлаас хөөргөсөн. “Tianwen-1” ирэх оны хоёрдугаар сард улаан гарагийн Утопиа талд буух ёстой. 

НАСА агентлагийн хөтөлбөрийн нэгэн адил Хятадын экспедицийн гол зорилго Ангараг гараг дээр амьдралын ул мөр илрүүлж, ирээдүйд тус гарагийн агаар мандал хүн амьдрахад тохиромжтой эсэхийг судлахад оршиж байна. Гэхдээ Хятадын хувьд сансрын шинэ их гүрэн гэсэн статусаа бэхжүүлэх, гол өрсөлдөгч болох АНУ-ыг гүйцэж, түрүүлэх нь хамгийн чухал. Энэ үүднээс “Tianwen-1” НАСА агентлагийн хөтөлбөрөөс ч илүү амбицтай. Тус хөлөг зөвхөн Ангараг гарагаа явагчийг төдийгүй улаан гарагийн тойрог замд бас аппарат байрлуулах үүрэг хүлээгээд байна. Энэхүү тусгай аппарат камер болон радарын тусламжтай Ангараг гарагийг тойрог замаас нь судлах юм.

Хятадын сансрын хөлөг Америкийн хөлгөөс дөрөв дахин хөнгөн буюу 200 кг жинтэй. Түүнд суурилуулсан тусгай төхөөрөмжийн тусламжтай “Tianwen-1” Ангараг гарагийн гадаргуу доор 100 м гүнд нэвтэрч, газар зүйн бүтцийг судлах, хөрсний бүтцийн химийн найрлагыг шинжилж, биомолекул хайх юм. Түүнчлэн сансрын аппарат улаан гараг дээрх цаг агаарын өөрчлөлт, соронзон орон, гадаргуун нэгдлийг тодорхойлох даалгавартай. Тус хөлөг дээр байрлуулсан радиолокацын станц нь улаан гараг руу илгээж буй анхны ийм төрлийн төхөөрөмж юм. 

АНЭУ: "Найдвар" эдийн засгийн шинэ хөшүүрэг 

Арабын Нэгдсэн Эмират Улс энэ сарын 20-нд Ангараг гараг руу “Аль Амаль /Найдвар/” хөлгийг амжилттай хөөргөснөөр гараг хоорондын нислэг үйлдсэн анхны Арабын улс болсон билээ. Хөлгийг Японы пуужин тээвэрлэгчээр Японы Танэгашима арлаас хөөргөсөн. Дубай дахь Мохаммед бин Рашидын нэрэмжит Сансрын төв, Колорадогийн их сургуулийн Агаар мандал, сансрын физикийн лаборатортой хамтран бүтээсэн “Аль Амаль” хөлөг долоон сарын дараа буюу 2021 оны хоёрдугаар сард улаан гарагт хүрэх аж.

Америк, Хятадын хөтөлбөрийг бодвол “Аль Амаль” аппарат Ангараг гарагийн агаар мандал, уур амьсгалын нөхцөл болон улирлын солилцоог судлах даруухан даалгавар гүйцэтгэнэ. Тус хөлөг Ангараг гарагийн бүтэн жил буюу дэлхийн хоёр жилтэй тэнцэх хугацаанд тус гарагийн тойрог замд байрлах юм. Түүнчлэн, “Аль Амаль” Ангараг гарагийн цаг агаар, шороон шуурга бүрэлддэг агаарын мандлын доод давхаргуудыг анх удаа судлах юм.

Нэгдсэн Эмиратын хувьд хөлөг нь 2021 оны арванхоёрдугаар сарын 2-нд тэмдэглэх АНЭУ байгуулагдсаны 50 жилийн ойн өмнө Ангараг гарагийн тойрог замд хүрэх нь туйлын чухал. Ангараг гарагийн уур амьсгал, түүний агаар мандалд үзүүлж буй нөлөөллийг судлах шинжлэх ухааны зорилтоос гадна “Найдвар” тус улсын эдийн засагт шинэ түлхэц үзүүлэх зорилготой. Тус хөтөлбөрийн удирдагч Омран Шарафын онцолсноор, АНЭУ-ын Засгийн газар сансар огторгуйг илүү өндөр түвшний зорилгод хүрэх хэрэгсэл гэж үзэж байна. Шинжлэх ухаан, технологийг эдийн засагтай нэгтгэх замаар системийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэж Шараф “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

АНЭУ-ын хөтөлбөр мөн бүс нутгийн залууст урам зориг өгч, шинжлэх ухаан, судалгааг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх зорилго агуулж байна. Абу Дабигийн сансар судлалын салбарт хийж буй анхны амжилтаас илүүтэй тус хөтөлбөрийг Сара аль-Амири гэгч 33 настай эмэгтэй удирдсан нь дэлхийн анхаарлыг татсан билээ. 2017 онд тус улс хиймэл оюун ухааны хөгжлийн сайдын албан тушаалыг бий болгосон дэлхий дээрх анхны улс болсон бөгөөд энэ албан тушаалыг Сара аль-Амири хашдаг билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
12345(202.9.40.36) 2020 оны 08 сарын 02

гариг гэж нохойн баасыг хэлнэ, гараг гэх нь зөв гэх юм билээ

0  |  0
Зочин(103.10.21.51) 2020 оны 08 сарын 01

гүйцэж төрүүлнэ биш гүйцэж түрүүлнэ...гэж Админ аа үг үсгийн алдаагаа сайн хяна....өгүүлбрийн бүтэц утга санаа гэдэг нарийн шүү МЭРГЭЖЛИЙН сэтгүүлч бол та мэдмээрсэн

0  |  0
ййй(202.9.46.206) 2020 оны 08 сарын 01

гараг биш гариг

0  |  1
Lol(66.181.168.131) 2020 оны 07 сарын 31

Kkk

0  |  0
Top