“Жо Байдены Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх сунгаанд саад болж байсан сул тал нь ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд давуу тал болж хувирах боломжтой. Ардчилсан нам зүүн тийшээ хазайгаад байгаа энэ үед Байдены прагматик төв үзэл сонгогчдын нүдэнд давуу тал болж харагдаж байна. Тэдэнд Жо аюултай гэж харагдахгүй байна. Нэр дэвшигчийн олныг байлдан дагуулах чадваргүй байдал дутагдал байх албагүй. Эцсийн эцэст ихэнх америкчууд Трампын хүнд металл маягийн засаглалын дараа жазз стилийн засаглалыг хүсэх нь дамжиггүй. Байдены сайхан сэтгэл бүх хаалгыг нээх түлхүүр. Түүний инээмсэглэл бараг л гүн ухаан. Улс төрд сөрөг сэтгэл хөдлөл ихээхэн нөлөөлдөг. Нэр дэвшигчээ дэмжих сэтгэл бус өрсөлдөгчийг нь үзэн ядах сэтгэл үүрэг ихтэй. Харин Байденыг үзэн ядалтын бай гэж төсөөлөхөд хүнд” гэж ВВС агентлагийн тоймч Ник Брайант бичжээ.
Тэрбээр Хиллари Клинтон шиг нийгмийн хагаралдуулдаггүй. Түүнд чиглэсэн сөрөг хандлага 2016 онд Трампт ялалт байгуулахад ихээхэн хувь нэмэр үзүүлсэн. Айова, Нью Хэмпшир мужид сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр 77 настай нэр дэвшигч Байден сенатор, дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байх үеийн тухай дурсамжаа хуваалцана. Америк сэтгэл зүрхээ олж авах ёстой гэж өгүүлэхдээ яг юуны тухай хэлэхийг хүссэнээ тодруулсангүй. Тэрбээр мегаваттын хүчин чадалтай инээмсэглэлээ асааж болох авч өрөөг үл ялиг гэрэлтүүлэх бүдэг дэнлүү мэт харагдаж байв. Байден Ардчилсан намын сунгааны санал хураалтын үеэр Айовад дөрөв, Нью Хэмпширт тавдугаар байрт ороход олон хүн түүнийг алдартай нарны шилээ зүүн, жаргаж буй нарны туяанд гоёмсгоор уусан алга болохыг хүсэж байсан. Харин үүний оронд тэрбээр Өмнөд Каролина мужид нам нэгт, нэр нөлөө бүхий хар арьст конгрессмен Жим Клайберны тусламжтай ялалт байгуулж, дахин “амь орсон”. Түүний өрсөлдөгч асан Пит Буттижич, Эми Клобучар нар сунгаанаас гарч, социалист үзэлтэй Берни Сандерсыг зогсоож чадна гэж найдан Жог дэмжсэн.
Хэдхэн хоногийн дараа болсон “супер мягмар гараг”-т ялалтын бороо орсны дараа шинжээчид Жо Байден сурталчилгаа бараг хийгээгүй мужуудад хэрхэн ялалт байгуулж чадсан тухай таамаг дэвшүүлж эхэлсэн. Очоогүй газартаа амжилттай үг хэлсэн байх талтай. Айова, Нью Хэмпшир мужаас авсан сургамжаас үзвэл Байденыг олон удаа харах тусам түүнийг сонгох хүсэлтэй сонгогчдын тоо буурч байв. Гэвч “үл үзэгдэгч” нэр дэвшигч Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх олж авч, амжилт гаргав.
Байдены хувьд КОВИД-19-тэй холбогдуулан тогтоосон хөл хорио жинхэнэ бэлэг байв
Тэрбээр Дэлавэр муж дахь гэртээ далдын хар малгай өмссөн мэт олон сарын өнгөрүүлсэн. Тусгаарлалт түүний ойр тойрны эмэгтэйчүүдэд сэмхэн хүрэх замаар сонирхлоо илэрхийлдэг зуршилтай нь холбоотой сэдэв сурталчилгааг нь баллахаас хамгаалж дөнгөв. Хамгийн чухал нь цар тахал Ардчилсан нам дотор үзэл суртлын тэмцлийг дарсан явдал юм.
Байден Берни Сандерс руу дайрахгүй байх гэрээ байгуулж, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ, цагаачлал, гаалийн цагдаагийн албыг татан буулгах, хууль бус цагаачлал зэрэг сонгогчдыг талцуулдаг сэдвээр амлалт өгөлгүй зайлсхийж чадсан. Ингэснээр тэр улс төрийн хүрээний идэвхтэй хэсэгт өөрийгөө хамаатуулдаг ялангуяа залуу хүмүүсийн дэмжлэгийг алдсан ч Трампыг дэмждэг ахмад настнуудыг өөртөө татаж чадсан. Ахмад насны сонгогчид идэвхтэй санал өгдөг төдийгүй КОВИД-19 халдварт илүү эмзэг. Жо Байдены амьдрал ялангуяа өнөөгийн гунигтай цаг үед өрөвдөх сэтгэл төрүүлдэг. 1972 онд анхны сенатын сонгуульд ялалт байгуулсныхаа дараахан анхны эхнэр, 13 сартай охиноо онгоцны ослоор алдаж байжээ. Тус ослоос амьд үлдсэн түүний хүү Бо 2015 онд ховор тохиодог тархины хорт хавдраар нас барсан. Байден бусдын зовлонг ойлгох чадвараа илэрхийлж чаддаг. Энэ нь сүүлийн хэдэн сард цар тахлын улмаас ойр дотнын хүнээ алдсан 140 мянган гэр бүлтэй нэг долгионд оруулав. Сонгуулийн кампанит ажлынх нь эхэн үед гаргасан болхи алдаанууд Байденд улс төрийн эсрэг биет суулгасан мэт.
Байдены сонгуулийн сурталчилгааны стратеги нь нуувчид шигдэх бол Трампын стратеги нь өрсөлдөгчдөө агаараас нуувчийн эсрэг бөмбөгөөр цохилт өгөх явдал
Байдены эл стратеги бөмбөгдөлтийг одоогоор тэсвэрлэсээр байна. Түүний сурталчилгаа Байден дээр бус Доналд Трампын засаглалын тэсэрсэн шинж чанар дээр төвлөрч байгаа.
Цагаан ордны эзэн өрсөлдөгчөөсөө давуу талтай. 1980 оноос хойш зөвхөн эцэг Жорж Буш л дахин сонгогдож чадаагүй байдаг. Нөгөө талаар, 1945-1980 онд зөвхөн Дуайт Эйзенхауэр Цагаан ордонд хоёр бүрэн эрхийн хугацаагаа бүтэн өнгөрүүлж чадсан. Жералд Форд болон Жимми Картерыг дахин сонгоогүй бол Линдон Жонсон өөрөө дахин нэр дэвшихээс татгалзаж байв. Харин Доналд Трамп коронавирусний цар тахалд үзүүлэх хариу үйлдлээрээ өөрийнхөө давуу талыг үгүй хийж байна. Гэхдээ Цагаан ордонд эзэн сууж байгаа байдал нь хүчтэй эдийн засагтай хослон түүнд хоёр дахь удаа сонгогдох боломжийг нь бараг баталгаажуулж буй. Эцэг Бушийн хувьд 1992 оны сонгуультай эдийн засгийн уналтын хамтаар золгосон билээ. Коронавирус эдийн засгийг Их хямралын үеэс хойш байгаагүй ноцтой хямралд оруулаад байна. Өсөн нэмэгдэж буй тэтгэврийн хуримтлал Доналд Трампыг дахин сонгох гол шалтгаан гэж үзэж байсан сонгогчид шинэ хүний эрэлд гарч эхэлжээ. Санал асуулгын дүнгээс үзвэл, тэдний ихэнх нь онгоцноосоо аль хэдийн буусныг илтгэж байна. Трампыг дэмжигчдийн эгнээнээс дээд боловсролгүй цагаан арьст сонгогчид мөн оргож эхлэв. Энэ оны эхээр тэрбээр хүн амын энэ бүлэгт 31 хувиар тэргүүлж байсан бол өдгөө энэ үзүүлэлт 10 хувиар буугаад байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, хар арьст Жорж Флойдын үхлээс хойш дэгдээд буй арьс өнгөний үзлийн эсрэг жагсаалын талаар Ерөнхийлөгч Трампын баримталж буй байр суурийг дэмжихгүй байгаа цагаан сонгогчдын тоо гэнэт өссөн байна. Санал хураалт төрийн залгамж чанар, өөрчлөлтийн дундаас хийх сонголтыг илэрхийлдэг. Харин Байден сонгогчдод энэ хоёр сонголтын хоёуланг нь санал болгож чадахаараа давуу талтай. АНУ буруу чиглэлд явж байна гэж үзэж буй америкчуудын 80 хувьд Байденд зөв чиглэлийг амлах боломж бий.
2016 оны сонгуулийн дүнг “гайхмаар” худал таамагласны дараа шинжээчид шинэ таамаг дэвшүүлэхээр яарахгүй байна. Тэдний болгоомжлол үндэслэлтэй. Байден нуувчаасаа гарах үед түүнийг улам бүр шинжих болно. Сэтгүүлчид Трампын асуудлыг хэлэлцэхээс удахгүй залхаж, сонгуулийн сурталчилгаанд сонирхолтой уур амьсгал оруулахын тулд өрсөлдөгчийнх нь бага гэлтгүй алдаанаас зуурах болно. Сонгогчдын коллегийн системийн талаар ч мартах учиргүй. Трамп 2016 онд бүх ард түмний санал хураалтаар олонхын санал авч чадаагүй ч энэ системийн ачаар сонгогдож байсан туршлагатай. Сонгуулийн дүн маргаан дэгдээж, шүүхэд шийдэгдэхийг ч үгүйсгэх аргагүй. Өмнөх Ерөнхийлөгч нараас ч илүү улс төрийн осолд орж байсан Трампыг жагсаалтаас хасах нь ухамсаргүй явдал болно. Гэхдээ түүний сорви сүүлийн дөрвөн жилд хуримтлагдахын сацуу цар тахлын үед өөрөө өртөө шинэ шарх нэмснийг ч тооцоолох учиртай. Энэ жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил КОВИД-19 “ордын” ивээл дор өрнөж байна. Одоогийн Ерөнхийлөгчийн сул талын ачаар түүний өрсөлдөгч хүчтэй мэт харагдаж буй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )