Онцгойгийн алба хаагчдын орон сууц он дуусахаас өмнө ашиглалтад орно

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

-Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын асуудлаас үүдэн ОБЕГ, захиалагч, алба хаагч нар хохирсоор иржээ-


Онцгой байдлын албаны  удирдлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцанд хамруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063 дугаар аврах гал унтраах ангийн хашаанд 512 айлын орон сууцыг бариулахаар 2016 онд гэрээ хэлэлцээр хийсэн байдаг.

Улмаар алба хаагчдаас байрны төлбөрт урьдчилгаа мөнгө авч захиалга авсан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууц ашиглалтад ороогүй учир зарим захиалагчид гомдол гаргах болсон байна. Түүнчлэн барилгын ажил зогссон байгаа ба Онцгой байдлын байдлын ерөнхий газраас алба хаагчдыг хохироож байна гэх мэдээлэл олон нийтэд тараад байгаа юм. Тиймээс уг барилгын ажил явагдаж байгаа эсэх, хэзээ ашиглалтад орох талаарх мэдээллийг хүргэх үүднээс бид албаныхантай холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар нь тус орон сууцны ерөнхий захиалагч бөгөөд анх “Их мандуул” компани барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан байна. Харин одоо “Шонхорын хүсэл” компани барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж. Одоогийн барилгын ажил хийж буй “Шонхорын хүсэл” компани нь анхнаасаа барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд “Бээжин хотноо барилга байгууламж барьж угсрах, тусгай зөвшөөрөлтэй барилга угсралтын компани юм.

Улмаар дээрх хоёр компанийн хооронд санхүүгийн маргаан үүссэнээс үүдэн барилгын ажил удаашрах болжээ. Тодруулбал, анх ОБЕГ-тай гэрээ хийсэн  “Их мандуул” компани нь ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан боловч туслан гүйцэтгэгч “Шонхорын хүсэл” компани нь тус барилгын дийлэнхи санхүүжилтийг гаргаж байсан байна. Улмаар барилгын ажил тавдугаар давхарт хүрсэн ч гэрээ хэлцлийн хүрээнд ерөнхий захиалагч нь санхүүжилтээ өгөөгүй учраас тус барилгын ажил зогсоод байжээ.

Ийнхүү дээрх компаниудын хооронд үүссэн нөхцөл байдлаас үүдэн барилга зогсолтод орсон учир Онцгой байдлын ерөнхий газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар шүүхээс барилгын ерөнхий гүйцэтгэгч болох “Их мандуул” компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон бусад баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон гэнэ. Ингээд 2017 онд ОБЕГ-аас дахин тендер зарлаж тус барилгын тендерт “Шонхорын хүсэл” компани оролцож, уг барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа талаар ОБЕГ-ын Барилга захиалагчийн тасгийн дарга, хошууч Т.Галбадрах ярилаа.

Өөрөөр хэлбэл, барилгын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хоорондын асуудлаас үүдэн ОБЕГ болон захиалагч, алба хаагч нар хохирсоор ирсэн байна. Дээрх асуудал өнгөрөгч 2019 онд шүүхээр эцэслэн шийдэгдсэн бөгөөд одоо барилгын ажил хэвийн явагдаж байгаа талаар албаныхан ярьж байв.

Бид Баянзүрх дүүрэг Амгалан дахь 063 дугаар аврах гал унтраах ангийн хашаанд баригдаж буй “Онцгой хотхон”-ыг зорин очиж, барилгын ерөнхий инженер Г.Равдандашаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

 -Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Энэ барилгаа 2020 ондоо багтааж ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Барилгын ажлыг хувиар дүгнэж хэлбэл 70 хувьтай явж байгаа. Бид хувиа харин ч доош татаж хэлж байгаа хэрэг шүү. Барилгын ажилд цаг хугацаа шаардлагатай юм.

-Захиалагч нарын зүгээс барилга зогссон гэх мэдээллийг өгч байна?

-Та өөрөө харж байна шүү дээ. Барилгын ажил хэвийн явагдаж байна. Нэг хэсэгтээ хууль шүүхийн маргаанаас үүдээд удааширсан зүйл бий. Анх энэ барилгын суурийг би 2016 онд тавьж байлаа. Одоо найман давхрын цутгалт хийгдэх дутуу байгаа. Өнөөдрийн байдлаар барилга дээр нийт 120 орчим ажилтан ажиллаж байна. Дулааны шугам сүлжээ таталтын ажлаа хийсэн. Өрөөний зохион байгуулалтууд ороод эхэлсэн.

Хүнийхээ хувьд би захиалагч нарыг ойлгож байгаа. Орон сууц бол хүний хэрэгцээ шүү дээ. Гэхдээ барилга барьж байгаа гээд талбайд бөөн бөөнөөрөө бужигнаад байдаг юм биш. Барилгын дотор ажилчид маань ажиллаж л байгаа. Зуурмаг гэхэд бид шөнөдөө таталтаа хийж, цутгадаг. Зарим захиалагч нар талбайн гаднаас харчихаад ажил зогссон гэж ойлгодог. Энд ирсэн хүмүүст би хийж байгаа ажлаа харуулаад л явуулдаг.

-Барилга нийт таван блоктой. Нэг, хоёр, гуравдугаар блокуудад онцгой байдлын алба хаагчид хамрагдахаар тусгасан гэсэн. Яг алба хаагчдын орох блокууд хэзээ ашиглалтад орохоор байна вэ?

-Нэг, хоёр, гуравдугаар блокын тухайд 2020 он дуусахаас өмнө ашиглалтад орно. Дөнгөж өчигдөр бид паркетан шал цахилгаан шатаа хүлээж авсан. Дотор засал ажил хийгдээд ерөнхийдөө дуусаж байна. Харин дөрөв, тавдугаар блокуудад найман давхрын цутгалт дутуу байна. Нэг давхрын цутгалтыг нэг долоо хоногт гэж тооцоолж байгаа.

-Одоо барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Шонхорын хүсэл” компани нь хятад хөрөнгө оруулагчтай учраас хятад ажилчдаас өөр хүн ажлуулахгүй гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар?

-Өнөөдөр барилга дээр ажиллаж байгаа хүмүүс бүгд монголчууд байгаа шүү дээ. Компанийн зүгээс тодорхой хэмжээний хятад ажилчдыг барилга дээр ажлуулах квоттой юм билээ. Гэхдээ цар тахлын үе гээд хил гаалийн асуудлаас болоод наашаа нэг ч хятад ажилтан ирээгүй байгаа. Дээр үеийнхийг бодвол одоо тоног төхөөрөмж хөгжөөд өмнө нь арвуулаа хийдэг ажлыг нэг хүн хийдэг жишээний болж байна шүү дээ.

Ийнхүү барилгын ажилтай танилцаж явах үед захиалагч тал буюу Онцгой байдлын ерөнхий газраас барилгын явц, үйл ажиллагаатай танилцахаар албаныхан ирсэн байв. Тэдний зүгээс “Онцгой хотхонд орон сууцны захиалга өгсөн 180 орчим алба хаагчид байгаа бөгөөд 500 мянгаас 10 хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа өгсөн хүмүүс бий гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн огт урьдчилгаа төлбөр өгөөгүй захиалагч ч байгаа аж. Хамгийн гол нь дээрх барилгыг яаралтай ашиглалтад оруулах тал дээр анхаарч, гүйцэтгэгч компаниудад зохих шаардлагыг тавин ажиллаж байгаа тухай онцолж байсан юм. Ямартай ч барилгын ажил дуусах шатандаа ороод байгаа ба он дуусахаас өмнө 98 айлын орон сууц бүрэн ашиглалтад орно гэдгийг барилгын инженер хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 05

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  1
Top