Нарцисист бөгөөд тогтворгүй шинж чанартай Дональд Трамп Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижирна гэж романтик төсөөлөлдөө автан суугаа. Гэтэл энэ хооронд нь Ким Жон Ун ердөө ч тийм бодолтой байгаагүй гэдгээ долоодугаар сарын 28-ны өдөр тавьсан илтгэлдээ онцлон дурдав. Гэвч Дональд Трампын хувьд зөвхөн Солонгосын хойгийн асуудал дээр санааг нь зовоох өөр олон асуудал бий. “Бид импералист тэрслэгчид болон дайсагнагч орнуудын дарамт, цэргийн дайралтын аливаа эрсдэлээс эх орноо найдвартай хамгаалж чадлаа. Үр дүнтэй бөгөөд найдвартай цөмийн хүч чадлын ачаар дайны сүүдэр холдож, энх тайван, тусгаар тогтносон манай улсын ирээдүй улам баталгаатай боллоо” гэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хэлсэн үгэндээ онцолжээ.
Дэлхий дахин юу ч гэж харж байсан, аливаа удирдагчийн санаа бодол ямар ч байсан гэсэн Умард Солонгос байрнаасаа ухрахгүй гэдгийг энэ үгнээс тодорхой харж болохоор байна. Тэд ойрын хэдэн жилдээ цөмийн зэвсгээсээ татгалзаж чадахгүй нь. Умардын төрийн хэвлэл үзэл суртлын өнгө будаг оруулж хэлсэн үгийг нь өөрчилсөн байж болох авч энэ бол Умардын удирдагчдын замнаж буй замналын хамгийн том баталгаа нь цөмийн зэвсэг гэдгийг тодорхой зарласан хэрэг байлаа. Тиймээс АНУ одоо бодит байдалтай эвлэрэх цаг нь болсон. Твиттерээр ажлаа явуулж эв хавгүй хэдэн үг хэлхдэг дотоодын улс төрөөс Солонгосын хойгийн нөхцөл байдал эрс ялгаатай гэдгийг Трамп ч, АНУ-ын улстөрчид ч ойлгох цаг нь болжээ. Гэвч бид нэг зүйлийг ойлгох ёстой. Эв хавгүй Трамп л зөвхөн Умардын асуудал дээр их гүрний романтик төсөөллөөр хандаагүй юм. АНУ-ын сүүлийн гурван ч Ерөнхийлөгч (Трампыг оруулаад) Умардын асуудал дээр эргэлзээтэй байр суурь баримталж ирсэн. Ялангуяа Умард Солонгос 2006 онд цөмийн зэвсгээ газар доор туршсанаас хойш сандралдах болсон юм. АНУ нэг зүйлийг бодож олсон нь цөмийн зэвсгээс нь л салгачихвал Солонгосын хойгт энх тайван цогцлоно гэж харсан. Тиймээс ч их гүрний дээрэнгүй зангаар хэд, хэд хандаж үзсэн ч үр дүнд хүрээгүй. Хэдийгээр эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч тэжээн тэтгэгч БНХАУ байгаа цагт хэрэгжих аргагүй. Хэдийгээр Умард Солонгос нэг хүний дарангуйлалд оршдог, хяналтгүй улс мэт харагдаж байгаа ч номлол нь үзэл суртал болж менталитетэд нь суучихсан нягт улс үндэстэн. АНУ гол асуудал нь цөмийн зэвсэгтээ байгаа гэдгийг тодорхойлох бүрд Умард Солонгос үүнийг хөзрийн гайхалтай “мод” болгож ашиглах болов. НҮБ-ийн болон бусад олон улсын байгууллагуудын тусламжийг саадгүй авахын тулд жаахан хомсдоод ирэхээрээ туршилтаар далайлгаж айлгаад авдаг зантай болов. Сүүлийн 20 жилийн туршид энэ бодлогоо баримталсаар ирсэн. Үр өгөөжөө ч өгч чадаж байгаа. Гэхдээ зөвхөн одоохондоо гэдгийг Кимийн гэр бүл төдийл ухаарахгүй байгаа болов уу. Цаг хугацаа хоёр аравныг хэдийнээ ардаа хийчихсэн тул гол асуудал нь цөмийн зэвсэгтээ биш гэдгийг АНУ одоо ухамсарлах ёстой гэдгийг Ким Жон Ун удирдагчийн сүүлийн мэдэгдэл санууллаа.
Цөмийн зэвсэг бол Кимийн удирдаж буй Солонгосын хамгийн чухал хүчин зүйл. Эдийн засгийн чадамж бага, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл хөгжөөгүй, анх байгуулагдсан цагаасаа үзэл суртал дээр л тогтож ирсэн энэ улсыг улс шиг харагдуулж буй зүйл нь цөмийн зэвсэг. БНХАУ, ЗХУ цаашлаад АНУ Умардыг цөмийн зэвсэгтэй болгосон. Түүхийн аль ч талаас нь харсан Умард Солонгос бол их гүрнүүдийн бүтээл. Одоо тэд бүтээсэн мангастайгаа дайтаж байгаа. Ким Жон Ун бол хэзээ ч Каддафи, Саддам Хусейн шиг болохыг хүсэхгүй. Тиймээс үзэл суртал, хүч чадал гэдэг зүйлээр улсаа тогтоон барьж байгаа. Өмнөдийн Ерөнхийлөгчтэй, цаашлаад АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр ч удаа уулзсан ч тэдний тавьсан хавханд өөрөө гүйгээд орчих хэмжээний удирдагч биш гэдгээ Ким Жон Ун харуулсаар байгаа. Өөрөө хэсэг хугацаанд олон нийтээс алга болж их гүрнүүдийн медиагийн санаа бодлыг тодорхойлно. Цаашлаад хөрш Өмнөд Солонгос энхийн хэлэлцээр хийхийг хүсэж байгаа ч цаад бодол нь ямар байгааг зургаадугаар сард алга болохдоо хангалттай ойлгосон байх. Умардад яг одоогоор жинхэнэ, гүн бат холбоотон байхгүй. Тийм байхад яагаад цөмийн зэвсгээсээ татгалзана гэж. Эдийн засгийн хориг арга хэмжээ авах, энх тайван байдалд уриалах, дипломат харилцаагаа сэргээх зэрэг олон амлалт өгч байгаа ч улс орны бүтэн байдал, тусгаар тогтнолыг хангаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй тул Ким Жон Ун аргагүйн эрхэнд өөрт байгаа боломжоо ашиглаж байгаа нь энэ.
Тэгээд цаашдаа яана гэж. АНУ-ын хувьд одоо айлган сүрдүүлэлт, эдийн засгийн хориг арга хэмжээ Умардын чихийг буулгахгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Тиймээс санхүүгийн гэхээс илүү хөдөө аж ахуй, хүнсний тусламжид илүү анхаарах нь чухал. Тэртээ тэргүй дэлхий дахинд АНУ-ын санхүүгийн систем үйлчилж байгаа ч Умард Солонгос вакумжсан тул эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй нь тодорхой. Тиймээс Умардын гол түнш гэгдэж буй БНХАУ-тай хэлэлцээ хийх замаар Солонгосын хойгийн энх тайван байдлыг хангах нь чухал. Түүнчлэн зөвхөн Солонгосын хойгийн энх тайван байдлыг тогтоох асуудлаар өөрийн гэсэн бие даасан тусдаа агентлагтай болох нь чухал болоод байна. АНУ-ын төрийн болон гадаад бодлого нэг цулбуурт зангилагддаг авч Умардын талаар авах арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлого нэг цонхоор харах нь бүү хэл Ерөнхийлөгчийн суудалд суусан хэн ч өөрийнхөө бодлоор ханддаг болсоор өдийг хүрсэн. Умардыг буулгая гэж бодож байгаа бол Өмнөдтэй хийдэг шаардлагагүй цэргийн сургуулийн тоог бууруулах ёстой. Бүс нутгийн орчимд АНУ-ын Батлан хамгаалахын төсвийг дэмий үрж сургуулилт хийж байхаар асуудлыг илүү зөөлрүүлэх олон алхам хийх шаардлагатай байна. Энэ нь эдийн засгийн хориг арга хэмжээ авахаас ч илүү үр дүнтэй байж мэднэ. Өдийг хүртэл АНУ Солонгосын хойгт энх тайван тогтооход амжилт гаргаагүйн гол шалтгаан нь цөмийн зэвсгийг асуудлын гол гэж харсанд оршино. Яг л Ирак улсад цэргээ оруулахдаа биологийн зэвсэг байгаа гээд мордохын хазгай болсонтой адил. Цөмийн зэвсгийн тухай ярихад олон нийт айж болох ч нөгөө талд Умард Солонгос байгаа гэдгийг мартаж болохгүй. Умард Солонгос үнэндээ үзэл суртал дээр тогтдог учраас хүчтэй зэр зэвсэг, технологийн дэвшилтэт зэвсэглэл зэргээр л тогтоон барьж байгаа. Цөмийн зэвсэггүй болохын тулд нөгөө талын буюу энэ тохиолдолд цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын хүсэл зориг хэрэгтэй болно. Энэ асуудалд хүч хэрэглэх л юм бол цөмийн зэвсгийн аюул дэлхий нийтийг нөмөрнө. Тиймээс гуйсаар, сануулсаар, гэдийсээр өнөөг хүрсэн. Өмнөд Солонгос ч мөн адил АНУ-ын байр сууриар асуудалд хандаж байгаа учраас нэг Солонгосын тухай ойлголт зөвхөн далбаан дээр л дүрслэл төдий болсоор байгаа юм. Вашингтон ч нөгөө талаар Өмнөд Солонгосыг Умардтай хэлэлцэх хэлэлцээрээ өөрчлөхийг хүсэхгүй байна.
Умард, Өмнөд бол хэзээ ч хамтдаа эвсэж чадахгүй, үзэл бодлын эрс зөрүүтэй, эдийн засгийн хоёр том зааг тул нийлэх чадамжгүй, харилцаа нь хэзээ ч сэргэхгүй гэж боддог нь Умардын талаарх нийтлэг ойлголт юм. Гэхдээ сүүлийн үед энэ өгүүлбэр худлаа гэдгийг олон талаар харж болохоор байна. Хэрэв үнэхээр цөмийн зэвсэг л асуултын хариулт байсан бол хүйтэн дайны үед Зөвлөлт, АНУ-ын харилцаа хэвийн болох л байсан шүү дээ. Хүйтэн дайн бол угтаа цөмийн зэвсгийн асуудал бол мэдээллийн л дайн байсан юм. Солонгосын хойгт ч гэсэн мэдээллийн дайн өрнөж байгаа. Асуудлыг үзэл суртлын өнгө будаг орсон хэвлэл мэдээллийн мэдээгээр бус асуудлаа бодитоор дүгнэн шинжлээд хэлэлцээрийн ширээний ард суувал Солонгосын хойгт энх тайван байдал тогтоно, дагаад цөмийн зэвсэг ч аюулаа хумина. Цөмийн зэвсэгтэй гэж үзэж буй улс бол цөмийн зэвсэггүй гэж өөрсдийгөө тодорхойлдог улсуудаас ч илүү хоёрдмол байдалд ордог байхыг үгүйсгэхгүй. Ердөө ганц товчоор бүх асуудлыг шийдэж болох авч дэлхийн түүх өөдөөс нь муухан мишээгээд сууж байдаг байж болох юм. Тиймээс л цөмийн зэвсэг гэх яриа Солонгосын хойгтой цуг өдийг хүрсэн ч юм билүү.
Одоо бид нэг үнэнийг тодорхой мэдэх ёстой. Умард Солонгос ойрын ирээдүйд цөмийн зэвсгээсээ татгалзахгүй. Дэлхийн цагдаа гэж өөрсдийгөө төсөөлдөг АНУ одоо үүнийг нэн даруй ухаарах цаг нь болсон. Асуудалд “Хүйтэн дайн” лугаа хандаад байвал Солонгосын хойгт хэзээ ч энх тайван тогтохгүй.
Эх сурвалж: The Diploamat
Сэтгэгдэл ( 3 )
мундаг удирдагч. АНУ Ливийн Мумар кадапыг яалаа.
Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Zow