Польш улс нутаг дэвсгэртээ АНУ-ын цэргийн тоог НЭМЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

-ОХУ-д сайнаар нөлөөлөхгүй гэв-

АНУ-ын армийн тавдугаар корпусын командлал Польшид үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ талаар Америкийн Элчин сайд Жоржетт Мосбахер мэдэгдсэн байна. Тэрбээр мөн саяхан талууд тохиролцож, үүний дагуу тэнд байрлаж байсан 4500-гаас гадна Америкийн нэмэлт цэргүүдийг байрлуулах болсныг хэлжээ. Вашингтон Варшавыг Европ дахь гол холбоотноо гэж харж байгаа юм. АНУ тэнд цэргийн хүчээ нэмэгдүүлснээр Польшийг Оростой геополитикийн сөргөлдөөн, Европт шахалт үзүүлэхэд ашиглаж байна гэж шинжээчид үзжээ.

Варшав болон Вашингтон АНУ-ын армийн тавдугаар корпус Польшид үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарласны дараа Польш дахь Америкийн Элчин сайд Георгетт Мосбахер уг үйл явдлыг онцгой гэв. Хариуд нь Польшийн Үндэсний Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак “Энэ шийдвэр нь Польш дахь Америкийн цэргүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүчин чармайлт болно” гэжээ. Блащакийн тэмдэглэснээр, өнгөрсөн долоо хоногт АНУ, Польш улс цэргийн салбарт хамтран ажиллах гэрээний нөхцөлийг эцэслэн тохиролцсон байна. Польшийн сайдын хэлснээр энэ хэлэлцээр нь Америкийн зэвсэгт хүчин Польшид хэрхэн ажиллахыг хэдэн арван жилийн турш тодорхойлно.

Илүү олон америк цэрэг

АНУ, Польш хоёр нэмж 1000 америк цэргийн алба хаагчийг Польш руу илгээх батлан хамгаалахын хамтын ажиллагааны сайжруулсан гэрээг тохиролцсон талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгдсэн байна. Польштой хийсэн гэрээ нь НАТО-г бэхжүүлж, холбоотнуудад итгэл найдвар өгөх болно гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч гэрээнд гарын үсэг зураагүй байгаа. Польшийн “Dziennik Gazeta Prawna” сонинд бичсэнээр гарын үсэг зурах ёслол энэ сарын 15-нд Польшийн армийн өдрийг тэмдэглэх үеэр болж магадгүй аж. Нэмж дурдахад, энэ жил тус өдөр 1920 оны наймдугаар сарын 15-нд Варшавын тулалдаанд Польшийн цэргүүд Улаан армийг ялсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Тус сонинд бичсэнээр уг гэрээнд 1000 цэрэг шилжүүлэхээс гадна тус улсын баруун хэсэгт сургалтын төв байгуулах, Ласк хотод нисгэгчгүй нисэх онгоцны ангийг байрлуулах, Люблинец хотод АНУ-ын тусгай хүчний анги байрлуулах зэрэг заалт орсон байна.

Одоогийн байдлаар Польшид 4.5 мянга орчим америк цэрэг ээлжлэн байрлаж буй. Польш дахь АНУ-ын цэргийн дэд бүтцэд дивизийн түвшний командлалын төв, армийн хуягласан бригадын бүрэлдэхүүн, армийн нисэхийн алба, 750 орчим ложистикийн мэргэжилтэн, агаарын хүчний бүтэц, усан хангамжийн анги нэгтгэл багтдаг. “Aegis Ashore” пуужингийн эсрэг систем нь НАТО-гийн пуужингаас хамгаалах хөтөлбөрийн салшгүй хэсэг юм.

Гэхдээ Варшавын хувьд энэ нь хангалтгүй гэж тооцогддог. Польшийн эрх баригчид тус улсад АНУ-ын бүрэн хэмжээний цэргийн бааз байгуулах санааг эртнээс илэрхийлж ирсэн. Тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда ч хошигнолгүйгээр үүнийг “Форт-Трамп” гэж нэрлэхийг санал болгоод, байрлуулахад Польшийн төсвөөс хоёр тэрбум ам.доллар хуваарилахаа амлажээ. Гэсэн хэдий ч АНУ энэ алхмыг хийхэд бэлэн байгаагаа хараахан мэдэгдээгүй байна. Хэсэг хугацааны дараа Польшийн Ерөнхийлөгч “Форт-Трамп” нь цэргийн бааз гэсэн үг биш бүгд найрамдах улсад байгаа Америкийн цэргийн байрлалыг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байсан гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, НАТО-гийн зүүн талд байрлах Америкийн Польш дахь цэргийн хэсгийг цэргийн ангиудын хувьд, мөн дэд бүтцийн хувьд түрэмгийлэлтэй холбоотой тохиолдолд нэмэгдүүлэх талаар ярьж байгаа аж.

Польшийн эрх баригчид тус улсад илүү олон америк цэргийг байршуулах хүсэлтэй байгаагаа байнга сануулдаг. Тиймээс энэ оны зургаадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Анджей Дуда Польш өөрийн нутаг дэвсгэрт Америкийн цэргүүдийг илүү ихээр хүлээж авахад бэлэн байгааг дахин мэдэгдсэн. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Америкийн Европ дахь оролцоо нь “аюулгүй байдлын баталгаа” болсон тул Трампыг Европоос цэргээ гаргахгүй байхыг уриалжээ. Мөн Польшийн Ерөнхий сайдын ажлын албаны дарга Михал Дворчик радиогийн шууд нэвтрүүлэгт орохдоо тус улсын эрх баригчид Европт аль болох олон америк цэрэгтэй болохыг сонирхож байна гэжээ.

Тэгвэл Оросын арми дээрх зүйлүүдийг маш анхааралтай ажиглаж, мэдээллийг нягтлан шалгаж, ийм алхмууд нь ОХУ-ын аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар аюул занал учруулах эсэхийг харж байгаа аж. ОХУ НАТО-гийн цэргийн дэд бүтцийг Оросын хил рүү тууштай чиглүүлж байгааг хүсээгүй, аюултай гэж үзэж байгаа юм.

Геополитикийн сөргөлдөөн

Америк судлаач, улс төр судлаач Дмитрий Дробницкийн үзэж буйгаар Польшид цэргээ шилжүүлэх нь Брюссель ба Вашингтоны хоорондох геополитикийн сөргөлдөөний нэг хэсэг болох бөгөөд цэрэг-стратегийн хувьд ямар ч утгагүй гэв. Тэрбээр АНУ, Германы хоорондын маргаантай холбоотойгоор Америкийн цэргийн нэлээд хэсгийг Бельги эсвэл Польш руу шилжүүлсэн гэжээ. Америкийн цэргүүдийг шилжүүлэх нь стратегийн ач холбогдолгүй гэж улс төр судлаач ярьж байна. Тэрбээр Польшийг бүгд найрамдахчууд энэ тив дэх гол холбоотон гэж үздэг гэв. “Варшав уламжлал ёсоор бүгд найрамдах засаг захиргааны хувьд үнэнч холбоотон хэвээр байна. Ялангуяа Вашингтон хуучин Европтой хэрэлдэж байгаа үед. Польш нь эргээд Европын нутаг дэвсгэрт томоохон тоглогч шиг санагдахын тулд гадаадад “агуу найз” олж авахыг мөрөөддөг байсан. Энэ аргаар тэд байр сууриа бэхжүүлж чадна гэж үзэж байна. Бодит байдал дээр Варшав бол стратеги ч биш, бүс нутгийн тоглогч ч биш” гэж шинжээч хэлжээ. Хариуд нь улс төр судлаач Борис Межуев Польш руу цэрэг илгээх замаар Вашингтон мөн Москвад тодорхой дохио илгээж байгааг тэмдэглэжээ. Тэрбээр “АНУ-ын гол зорилго бол Польшид санаа тавьж, хэт радикал алхам хийх ёсгүй гэдгээ ОХУ-д харуулах ёстой. Хэрэв тус бүс нутагт байдал хурцдах юм бол АНУ Польштой улам бүр харьцаатай болно. Хэрэв энэ нь өсөхгүй бол бүх зүйл энэ болзошгүй нөхцөлд хязгаарлагдах болно. Энэ тохиолдолд бид цэргийн дипломат байдлыг ашиглана” гэв. Межуевын үзэж байгаагаар АНУ Польш дахь байр сууриа бэхжүүлэх нь Орост сайнаар нөлөөлөхгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 09

Новшийн польш урвагч ляхууд амиа алдах цаг нь болж дээ галаар наадаж гэрээ шатаадаг хүүхэд байдаг түүх давтагдах нь дээ.

0  |  0
Уулын өвгөн (66.181.161.87) 2020 оны 08 сарын 06

20-р зуунд дэлхийн сүүлчийн дайнд хамгийн жигшүүрт үйл ажиллагааг польшийн засгийн газар явуулж дайныг өдөөн тухирч байсныг мартөх учиргүй .өнөөгийнпольшийн явууллага яг л тийм урвагч өөдгүй явдалаа давтах нь л дээ. Энэ бол том аюул шүү.

0  |  0
Zov(112.96.197.184) 2020 оны 08 сарын 06

Polyakuud mundag yuma. Manaih 30 sayula baisan ch orost ham hum tarhia ugaalgachihsan, aimhai yum hoino gololzood l suuh baisan baihdaa hoorhii. Arga suveg haij uzej bn shu Polish geed l zarim evgui bairlaltai ulsuud

0  |  1
Top