Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон ажлын албаны төлөөлөл, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарын холбогдох албаныхантай уулзлаа.
Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, тээвэрлэлт, түгээлтийн асуудлаар нийслэлийн удирдлагуудаас мэдээлэл сонссон юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ сарын 18-ны өдөр нийслэлд хийгдэж буй шугам хоолойн засварын ажлууд дуусна. Одоогийн байдлаар шинээр баригдах 13 сургууль, цэцэрлэгийн барилгыг уурын зуухаар түүхий нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн байсныг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгж бий. Түүхий нүүрсийн тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллана” гэдгээ хэлэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагийн өгсөн мэдээллээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 100 хороодын 2000 орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Энэ өвөл түлш борлуулах 1000 цэг ажиллуулах бөгөөд 200 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллуулахаар тооцжээ. Өнөөдрийн байдлаар нийт 40 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Ирэх аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянган тонн түлш нөөцлөх зорилготойгоор ажиллаж байна. Өнгөрсөн жил 11 тээврийн компанитай гэрээ байгуулан хамтарч ажилласан бол энэ жил 23 тээврийн компанитай хамтарч ажиллах юм байна. Мөн “Тавантолгой түлш” компани Хэрэглэгчдэд үйлчлэх албатай болж байгаа бөгөөд нэг хүн 200 өрхөд хяналт тавьж ажиллахаар болжээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил, сайжруулсан түлшний нөөцлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараагаар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл хэлэхдээ “Бид энэ өвөл агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа. Иймд өнгөрсөн өвөл ажилласан зарчмынхаа дагуу ажлаа нарийн төлөвлөн ажиллах шаардлагатай. Энэ сарын 20-ноос эхлэн иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч ажиллах хэрэгтэй байна. Юун түрүүнд “Ковид-19” халдвараас сэргийлэх мэдээлэл, дараагаар нь сайжруулсан шахмал түлшний хэрэглээг олон нийтэд өргөн хүрээтэйгээр түгээн ажиллах нь чухал байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх чиглэлээр хороо, хэсгүүдэд нийт 7000 гаруй алба хаагчид ажилласан. Яндангийн, зуухны, ханын пийшинтэй холбоотой зөвлөгөөг өгч ажиллана. “Тавантолгой түлш” компани нийслэлийн харьяа байгууллагуудтай эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сайжруулсан түлшний хэрэглээний тухайд эрсдэлтэй айл өрх бий. Зарим айл өрх угаарын хий мэдрэгч дуугараад байхаар нь унтраачихсан гэсэн тохиолдол гарч байсан. Иймд ард иргэдэд мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгч ажиллах болно” хэмээв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )