Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийн аяны талаар мэдээлэл хийлээ.
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар дүүргүүд нийт 1356 арга хэмжээг хийхээр төлөвлөснөөс 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжаар энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах” нэг сарын аян зарлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөв галлагааны заавар, зөвлөмжийг айл өрхүүдэд өгч ажиллахаар боллоо.
200 өрх тутамд нэг ажилтан угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөвлөмж өгч ажиллана
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Нийслэлийн хүн амын 54,5 хувь нь гэр хороололд амьдардаг. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын утаанаас үүсдэг байна. Иймд 2019 оны есдүгээр сарын 15-наас эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад байгууллага, иргэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ ажил үр дүнгээ өгч өнгөрсөн өвөл нийт 35 мянган айл өрх цахилгаан, төвлөрсөн дулаан хангамж, байгальд ээлтэй эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэсэн. Мөн халаалтын зуух ашиглах хүрээнд 700 гаруй зуухыг буулгаснаар гэр хороололд 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг 500 гаруй мянган тонн сайжруулсан түлшийг нэвтрүүлж чадсан. Ингэснээр 78 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож чадсан. Энэ жилийн хувьд нийслэлийн төвийн зургаан дүүргийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээхээс бусад 16-100 кв.т-ын нам даралтын зуухуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. 36 хороонд 4 кв.т-ын цахилгааны зуухны өргөтгөл хийсэн. Түүнчлэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандантэгчилэн хийдийн орчмын гэр хорооллыг яндангүй, нүхэн жорлонгүй, ариун цэврийн стандартын байгууламжтай бүс болгох зорилготой ажиллаж байгаа. Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Орхоны нэгдүгээр хэсгийг төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбож байгаа учир Гандантэгчилэн хийдийн гэр хорооллын иргэд төвлөрсөн шугамд холбогдох, бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм” гэдгийг онцоллоо.
Энэ өвөл түлшний хомсдолгүй байх, тэгш хүрээмжтэй хүргэх, угаарын хийн эрсдэлийг багасгах ажилд анхаарч ажиллаж байна. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийг түшиглээд хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулжээ. Иргэдийг аюулгүй, эрсдэлгүй байхад анхаарч, заавар, зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1500 ажилтан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 4500 ажилтан ажиллах юм. 200 өрх тутамд нэг ажилтан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч ажиллана.
Яндангаа хөөлөөгүйгээс болж угаартах эрсдэл үүсдэг байна
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэлийн дуудлагыг авч ажилласан. Угаарын хийнд хордсон өрхийн дуудлагад дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувь, үлдсэн 28 хувь нь нам даралтын буюу сайжруулсан зуухтай айл өрх байсан. Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээгээ хийгээгүй, яндангийн залгаастай байсан зэргээс болж угаартах эрсдэл үүссэн. Иймд иргэд өвөлжилтийн бэлтгэх хангах сарын аяны хүрээнд ханан пийшин, зуухаа засварлаж, стандартын шаардлага хангасан зуух ашиглах хэрэгтэй байна гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо агаарын чанарын бүсэд шинээр орсон учир түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрвөн хэсэгт хуваасан. Нэгдүгээр бүсэд түүхий нүүрсийг бүрэн хориглосон. Хоёр, гуравдугаар бүсэд цахилгаан, хий болон бусад эх үүсвэрийг ашиглаж болохоор заасан бол дөрөвдүгээр бүсэд нүүрсийг бүрэн хориглосон байгаа” гэдгийг онцлов.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Энэ онд баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам ажиллана. Мөн Налайх дүүрэгт байрлах зүүн бүсийн шахмал түлшний хоёр үйлдвэрийн зургаан шугамыг ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг хоёр үйлдвэрийн 18 шугамаас хангаж ажиллана. 16-100 кв.т хүртэл хүчин чадалтай халаалтын зуухтай 1800 аж ахуйн нэгж, 100 кв.т-аас дээш хүчин чадалтай 104 аж ахуйн нэгж, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гурвалсан гэрээ байгуулан сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аж ахуйн нэгжүүдийн анхааралд гурвалсан гэрээгээ байгуулан сайжруулсан түлшээ нөөцлөхийн хүсч байна. Энэ онд борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, 1000 орчим цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Сайжруулсан түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй гэдгийг хэлье” хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )