АНУ-ын ардчилсан намын их хурал Трампыг хурцаар шүүмжилж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Америкийн Висконсин мужийн Милуоки хотноо АНУ-ын Ардчилсан намын их хурал дөрвөн өдөр чуулах бөгөөд  тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампыг хурцаар шүүмжилж эхэлжээ. Зарим илтгэгчид түүнийг зөвхөн улс үндэстний төдийгүй хувийн асуудлаар ч шүүмжилсэн аж. Жишээ нь, Аризонагаас ирсэн Кристин Уркис ковидоор өвчилж нас барсан эцгийнхээ үхэлд Цагаан ордны тэргүүнийг буруутгасан байна.

АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишель Обама Бүгд найрамдах намаас нэр дэвшиж сонгогдсон өнөөгийн ерөнхийлөгчийг “албан тушаалдаа огт тохирохгүй нөхөр” хэмээн хурцаар шүүмжилж, хэрэв Трамп Цагаан ордны тэргүүнээр ахин сонгогдвол улс оронд өрнөөд буй хямрал улам даамжирна хэмээн сэрэмжлүүлжээ.  Тэрээр “түүний хань Барак Обамаг өндөр албан тушаалд итгэн сонгож байсан” ардчилагчдад Трампыг ахин сонгохын эсрэг “нэгдмэл фронтоор” ажиллахыг цогтой дайчнаар  уриалсан аж.

Өнгөрсөн жилийн санал асуулгаар АНУ-ын хамгийн нэр хүндтэй эмэгтэйгээр тодорсон Мишель Обама намын их хурлын өмнөхөн сурталчилгааны видео бичлэгт оролцохдоо Жо Байдены тухай “дээд зэргийн дэг журамтай хүн” хэмээн тодорхойлсон байна. Түүний нөхөр Барак Обаматай найман жилийн хугацаанд ажил төрлийн холбоотой байсан Байдены талаар “Тэр бол гайхалтай сайн дэд ерөнхийлөгч байсан. Цар тахлын халдварыг зогсоон, улс орныхоо эдийн засгийг аврах, Америк орныг зөв удирдахын тулд юу хийх хэрэгтэйг тэр сайн мэдэж байгаа” гэж итгэлтэйгээр өгүүлжээ.

Их хурлын эхний өдөр илтгэл тавьсан оролцогчдын дунд олон алдартай ардчилагч-улстөрчид байснаас заримыг дурдвал: Конгресс дэх хамгийн өндөр албан тушаалтай африк гаралтай америк болох Жим Клайберн /Өмнөд Каролин/, цар тахалтай тэмцэх арга замын талаар АНУ-ын ерөнхийлөгчтэй нэг бус удаа халуун мэтгэлцээн өрнүүлж байсан Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо, Мичиганы захирагч Гретхен Уитмер, мөн ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан сенатч Эми Клобучар, Берни Сандерс нар байлаа.

Сандерс “Журмын нөхөд өө, би та бүгдэд хандан хэлэхэд, манай ардчиллын ирээдүй, улсын эдийн засгийн ирээдүй, тэр ч байтугай манай гарагийн ирээдүй дэнсэн дээр тавигдчихаад байна” хэмээн анхааруулжээ.

Намын их хурал цахим хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэхийн тулд зохион байгуулагчид онцгойлон анхаарч байна. Шууд эфирт Техас, Өмнөд Каролин, Висконсин, Мичиган мужуудын сонгогчид үг хэлсэн бөгөөд зарим нь урьдчилж хийгдсэн бичлэг байсан аж. Зургаан мужийн нутаг дэвсгэр дэх  дамжуулах станцын ойролцоо том дэлгэцүүд байрлуулан, үзэгчид хөлбөмбөгийн тэмцээн үзэж буй мэтээр хурлын явцыг ажиглаж, Байденыг дэмжин алга ташиж, уриа хашгирч байна.

Их хурлыг зохион байгуулагчид Трампын сул талыг “онилж цохихыг” хичээн, коронавирустэй тэмцэж буй түүний арга барил, арьс өнгөөр ялгаварлахтай холбоотой хурцадмал асуудлуудад онцгойлон чиглүүлж  байгаа бололтой. Коронавирусын халдвараар ойр дотныхноо алдсан, арьс өнгөөр гадуурхахтай холбоотойгоор хохирч байсан иргэд  цахимаар оролцон үг хэлсээр байна.

Миннеаполист энэ оны тавдугаар сарын 25-нд жагсагчид, цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан Жоржийн ойр дотныхон болох Филониза, Родни Флойд нар талийгаачийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй болсны дараа “Жорж өнөөдөр амьд байх ёстой байсан. Тэр Дональд Трампад хэтэрхий итгэж, үүнийхээ төлөө амь насаа алдсан” хэмээн гунигтайгаар өгүүлжээ.

Мөн  Пенсильваниас оролцогч фермер Рик Телеч хэлсэн үгэндээ, Трампын худалдааны дайн түүний фермд “сүйрлийн нөлөө” үзүүлсэн, дараа нь коронавирус бас хүнд цохилт өгсөн талаар онцлон ярив. “Улс орныг иймэрхүү маягаар удирдаад байвал ферм дээр аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүс бидний үеэр дуусах вий гэдэгт би машид санаа зовниж байна” гэж бүгд найрамдахчуудын төлөө саналаа ихэвчлэн өгдөг мужаас оролцож буй фермер сэрэмжлүүлэн өгүүлсэн байна.

Жо Байдены хувьд, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэр дэвших эрхийг ардчилагчид батламжилсны дараа буюу пүрэв гарагийн оройхон цахим их хуралд биечлэн үг хэлэх аж. Харин Калифорни мужаас сонгогдсон сенатч, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн анхны хар арьст эмэгтэй Камала Харрис лхагва гарагт илтгэл тавих юм байна.

Дашрамд сонирхуулахад, Висконсинд явагдаж буй ардчилагчдын чуулганыг Дональд Трамп  “нойрмог, манарсан” хэмээн нэрлээд, “Өмнө нь бэлтгээд бичсэн үгсийг сонсоход хэнд ер нь сонин байх вэ дээ?!” хэмээн ёжлонгуй өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 20

Бэлтгэл жүжиг ардчилсан эрлийзүүдийн элийрэл юм.

0  |  0
Top