Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 4 дүгээр онлайн Их хурлыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлөөс 2020 оны 8 дугаар сарын 26,27-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Их Хурлын өмнө Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн уулзалт, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал тус тус хийхээр төлөвлөжээ.
Их хуралд дэлхийн ЗО гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн байгууллагууд түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн Европын Зөвлөлийн Венецийн комисс, тус байгууллагын Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн байгууллага, Олон улсын хуульчдын Холбоо, Үндсэн хуулийн хяналт тавих байгууллагуудын Евразийн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагын өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид оролцох гэж байна.
Хурлаар Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэхээс гадна Дүрэмд өөрчлөлт оруулах, шинэ гишүүн элсүүлэх,тус нийгэмлэгээс Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн байгууллагын хуралд оролцохтой холбоотой асуудлыг хэлэлцэх, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгтэй хамтран ажиллах зэрэг асуудал хэлэлцэхээр товложээ.
Нийгэмлэгийн онлайн Их хурлаар хэлэлцэх асуудлын дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах эрх, үүргийг шилжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Их хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат илтгэл тавина.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.
Сэтгэгдэл ( 0 )