Өвөрбаясгалант Хамарын хийдийг үүсгэн байгуулагч говийн догшин ноён хутагтын тавдугаар дүр Данзанравжаа гэгээнтэн нийт олны амь насыг батжуулах, нас буянг дэлгэрүүлэх, сайн сайхан бүгдийг эрхэндээ хураах, өвчин гэм түйтгэр алив гай цөвийг амирлуулах болон хамаг олны амар амгалангийн тухайтад нууц тарнийн их билэг билгүүний эх дагина Мажиг Тойногийн тахилга бясалгалын Ханд Цэжү хурлын зан үйлийг үүсгэн ая эгшгийг зохиосон билээ.
Энэхүү хурал номыг ирээдүй хойч үеийн шавь нартаа уламжлуулан өвлүүлсэн нь хожмоо ноён хутагтын жүд дамжлага хэмээн алдаршжээ. Гайхамшигт гүнзгий увьдас уламжилал нь багшаас шавьд нандигнан дамжигдсаар эдүгээ Өвөрбаясгалант Хамарын хийдийн дархан их хамба лам Ц. Дөш болон бусад шавь нарт уламжлан ирсэн аж. Ийнхүү үүнийг залгуулан авч хамаг олны тусад зориулан намрын эхэн сарын шинийн 10-ны Ловон Бадамжунай бурхны их дүйчэн өдөр буюу наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хурал номын зан үйл болгон сүсэгтэн олонд хүргэх гэж байна.
Хурал номын зан үйл Дорноговь аймгийн Хамарын хийд дэх Соёмбот өвгөн суварганаа болох юм. Энэ үеэр Ханд цэжү хурал хурж Мажиш Тойнэг бурханы жинсрэг цутгаж мөн сор залах аж. Зорин ирэх сүсэгтэн олон даллагны уут, сэржмийн архи, нэг удаагийн аяга авч ирнэ. Мөн бурхан болоочдын нэрсийг улаан хадганд бичин өргөх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын зөвлөгөөний дагуу амны хаалт зүүж гараа ариутган хоорондын зай авч суухыг уриалж байна.
Э.УЯНГА
Сэтгэгдэл ( 0 )