Европын улс төрд хамгийн хүчтэй нөлөөлдөг “ДАРУУХАН” эмэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12


Германы түүхэн дэх анхны эмэгтэй канцлер Ангела Меркель улс төрийн карьераа хуучнаар Ардчилсан Герман улсад эхлүүлсэн бөгөөд физикч мэргэжилтэй тэрээр 1986 онд тус улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Физик, химийн төв институтэд эрдмийн зэрэг хамгаалсан хэдий ч түүнээс хойш гурван жилийн дараа шинжлэх ухааны салбараас явж, улстөрийн намд ажилд оржээ. Эндээс түүний улстөрийн замнал эхэлж, жирийн нэгэн намын ажилтнаас Германы канцлер хүртэлх урт замыг туулсан юм. 

Хэдэн жилийн өмнө Британийн долоо хоног тутмын New Statesman сэтгүүл Германы канцлер Ангела Меркелийг Европын хамгийн аюултай удирдагч хэмээн нэрлэж, сэтгүүлийн нүүрэн дээрээ “Терминаторын” дүрээр зургийг нь тавьж байсан билээ. Уг нийтлэлийн зохиогч Мехди Хасан түүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нартай адилтган, дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд томоохон аюул занал учруулж байна гэж шүүмжилж байлаа. Тэр үнэхээр тийм аюултай эмэгтэй гэж үү.

Ангела Меркель /анхны нөхрийнхөө овгоор явдаг аж/  1954 оны долоодугаар сарын 17-нд Германы Хамбург хотноо Хорст Каснер пасторын гэр бүлд төржээ. Ээж нь латин-англи хэлний багш байсан бөгөөд түүнийг төрсний дараахан тэднийх гэр бүлээрээ Ардчилсан Германд шилжин ирж, алс бөглүү Темплин хотод суурьшсан байна.  Тэдний гэр бүлд 1957 онд хүү Маркус Каснер, 1964 онд охин Ирена нар төржээ. Ээж Герлинде Каснер өөрийн мэргэжлийн дагуу Ардчилсан Германы боловсролын системд ажиллахыг хүссэнгүй. Ингээд бүхий л цаг хугацаагаа хүүхдүүддээ зориулж байсан учраас Ангела Каснер багадаа ямар ч хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэгт яваагүй аж.

1961 онд Ангела Каснер Темплин хотын политехникийн дунд сургуулийн нэгдүгээр ангид оржээ. Хамт суралцагсад болон багш нарын дурсаж буйгаар, тэрээр үл ажиглагдам атлаа сайн нийгэмшсэн охин байж. Сурлагын хувьд их сайн, ялангуяа орос хэл, математикт гайхалтай сайн байсан аж. 1970 онд орос хэлний олимпиадад түрүүлэн, Москвад аялах эрхээр шагнуулж байжээ. 1973 онд төгсөлтийн бүх шалгалтаа онц өгөн, Лайпцигийн их сургуулийн физикийн факультетад элссэн байна.

1978 оноос Ардчилсан Германы Шинжлэх ухааны академийн физик-химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтны үүрэг гүйцэтгэн, хажуугаар нь хүрээлэнгийн эвлэлийн байгууллагад үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1989 онд Берлиний хана нурсны дараа, коммунист дэглэмийг эсэргүүцэгч “Ардчилсан сэргэн мандалт” намд элсэн орж, жилийн дараа Ардчилсан Германы анхны, цор ганц, коммунист бус засгийн газрын хэвлэл-мэдээллийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

1990 онд Ангела Меркель эрх баригч Христийн ардчилсан холбоонд /ХАХ/ элсэн орж, тэр жилээ тухайн намаас анхны нэгдсэн бундестагийн гишүүнээр сонгогдож байсан бол тэрээр арван жилийн дараа уг намыг толгойлдог болсон байна.

1991 онд Гельмут Коль түүнийг эмэгтэйчүүд, залуучуудын асуудал хариуцсан сайдаар томилжээ. Тухайн үеийнхний өгүүлснээр, Меркель гурван жил энэ албыг хашихдаа ямар ч гойд зүйлээр өөрийгөө илэрхийлээгүй аж. Харин Коль түүнийг жаахан туршлагагүйдлээ хэмээн өмгөөлж, “охин” тэр ч бүү хэл “ангаахай” хэмээн өхөөрдөн дуудаж байснаас үүдэн сэтгүүлчид Ангелаг “Гельмут Колийн охин” хэмээн нэрлэх болжээ.

1994 онд Байгаль орчин, цөмийн реакторын аюулгүй байдлын сайдаар томилогдон ажиллаж байх үедээ Меркель нэгэн хэл аманд өртсөн байна. Түүнийг зуслан руугаа нисдэг тэрэг хөлөглөн явж, улсад олон мянган маркийн хохирол учруулдаг хэмээн шүүмжилж эхэлсэн учраас Гельмут Кольд энэхүү шуугианыг намжаах асуудал тулгарч байв.

1998 онд ХАХ сонгуульд ялагдал хүлээн, Меркель сайдын албанаас мултарчээ. Үүний дараа «Франкфуртер альгемайне» сонинд Колийг шүүмжилсэн түүний нийтлэл тавигдсан байна. Жилийн дараа Гельмут Коль 1993-1998 онуудад ХАХ-ны нууц дансанд хаанаас орж ирсэн нь үл мэдэгдэх хоёр сая орчим марк хийсэн гэсэн баримтууд дэлгэгдэж эхэлжээ.

Ангела Меркель ХАХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөгдөхийг шаардан, 2002 онд Гельмут Колийн дараа түүний суудлыг эзэлсэн байна. Ингээд 2005 оны арваннэгдүгээр сард Германы канцлераар сонгогдсон билээ. Хэрэв хорин жилийн өмнө байсан бол Германы канцлераар эмэгтэй хүн, тэр тусмаа Ардчилсан Германд өсөж хүмүүжсэн хүн болно гэвэл хэний ч санаанд багтахгүй байсан биз ээ.

2007 онд түүний тухай нэгэн сэтгүүлч “Ангела Меркель хонины арьс нөмөрсөн чоно мөн үү” гэсэн нийтлэлдээ Меркель “Хүйтэн, эв нэгдэлгүй, хүмүүнлэг бус нийгэм байгуулахыг эрмэлзэж байна" гэсэн Герхард Шредерийн үгнээс иш татжээ. Түүнээс гадна, зарим шүүмжлэгчид түүнийг зөвхөн герман соёлыг чухалчилдаг, 2003 онд АНУ-ын Иракт хийсэн түрэмгийллийг дэмжсэн, Туркийг Европын холбоонд элсүүлэхийг эрс татгалзан, Ираны эсрэг хатуу бодлого явуулж байна хэмээн шүүмжилж байв.

Гэр бүлийн хувьд, Ангела оюутан байхдаа нэг ангийн Ульрих Меркельтэй гэрлэн, таван жилийн дараа салсан байна. 1998 онд тэрээр хоёр дахь удаагаа гэрлэжээ. Түүний нөхөр Йоахим Зауэр дэлхийд нэртэй химич эрдэмтэн аж. Ангела Меркель хүүхэдгүй бөгөөд “Улс төрд идэвхтэй оролцож эхлэх үед 35 нас хүрсэн байсан учраас хүүхдийн талаарх бодлоо орхисон” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.      

Ангела Меркелийн араас хэвлэлийнхэн маш шаргуу хөөцөлддөг бөгөөд хэдэн жилийн өмнө El Pais-д өгүүлснээр, “Францын ерөнхийлөгч асан Николя Саркози латин зангаараа түүний нурууг илэн, мөрөн дээр нь алгадаж, гарыг нь барьж аван үнсэх үед Германы канцлер аймаар эвгүй байдалд ордог байсан” аж. Мөн Швейцарийн Le Matin сонинд мэдээлснээр, Меркель Парис дахь Германы элчинд гомдол гарган, энэ талаар Елисейн ордонд дамжуулж өгөхийг хүссэн байна. “Хүний биед хүрнэ гэдэг герман соёлоор бол бүдүүлэгт тооцогдоно, тэр тусмаа зүүн германы. Тэгээд ч Меркель бол протестант шашинтан. Тэд хувь хүний хоорондын зайг чухалчлан, тодорхой хэмжээний гадна болон дотоод чанга дэг журамтай хүмүүс. Сэтгэл хөдлөлөө биеэр илэрхийлэх явдал германуудад тохиромжгүй зүйл” хэмээн тус сонинд бичиж байжээ.

Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч-эмэгтэйчүүдийн жагсаалтыг Ангела Меркель 2004-2017 оны хооронд 12 жил тэргүүлсэн бөгөөд 2012 онд «ИЛЬ ДЕ БОТЭ» сайт дээр түүнийг “Тевтоны Маргарет Тэтчер” хэмээн нэрлэж байв.

2015 онд Time сэтгүүл түүнийг оны хүнээр тодруулж, Европын хамгийн хүчтэй удирдагч хэмээн нэрлэсэн билээ. 2018 онд тэрээр Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нарыг гүйцэж түрүүлэн, Forbes сэтгүүлээс гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй” жагсаалтыг тэргүүлэн, 2019 оны 12-р сард уг жагсаалтыг ахин манлайлснаар 9 дэх удаагаа “Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй”-гээр тодорсон юм. Тэр гадаад дүр төрхийн хувьд маш энгийн, даашинз бараг өмсдөггүй, ихэвчлэн бараан өнгийн өмдөөр гоёдог, элдэв гоёл чимэглэлийн зүйлс хэрэглэдэггүй нь Германы дундаж сонгогчийн стиль имижтэй төстэй харагддаг учраас олон нийтэд ихээхэн таалагддаг аж.

Ангела Меркель 2011 оны аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ нь Герман, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Германы Засгийн газрын тэргүүний Монголд хийсэн анхны айлчлал байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top