Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “СОЁЛЫН ЦАГ” аяныг хэрэгжүүлж байна

2020 оны 08 сарын 28

Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “СОЁЛЫН ЦАГ” соёл урлагийн аяныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү соёлын аяныг Батлан хамгаалах яам дэмжиж нэгдлээ.

“ТАНАЙ ДҮҮРЭГТ-ТАНЫ ДЭРГЭД” уриатайгаар зохион байгуулж буй 2 сарын хугацаатай энэхүү соёлын аянд Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эгнээнээсээ олон арван алдартан гавьяатныг төрүүлэн гаргасан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид нэгдэж, өнөөгийн байдлаар нийслэлийн Багахангай, Багануур, Налайх зэрэг дүүргүүдийн ард иргэд, хүүхэд залуучуудад зориулсан урлагийн тоглолтоо толилуулсаар байна.

Эх орноо хайрлан бахархах үзлийг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн тус чуулгын хамт олон энэ жил Чөлөөлөх дайнд оролцсоны 75 жилийн түүхт ойтойгоо золгож байгаа бөгөөд ялалтыг дархалсан дайчин эрсийн гавьяа алдрыг бахдан харуулсан олон арван шилдэг бүтээлүүдээрээ дамжуулан түүхт ялалтын баярын мэндчилгээг үзэгчдэд хүргэж, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг урлаг соёлын тайзнаас ард иргэддээ сурталчилж, “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсээр байна.

“Соёлын цаг” хөтөлбөрөөр дамжуулан тус хамт олон энэ сард цэрэг эх орны болон иргэний сэдэвт бүтээлүүд, үндэсний урлагийн болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдсэн 4 өөр төрлийн концертоо Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад нийт 16 удаа тоглох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top