Булганыхан энэ жилийн наадмаар олимпийн аварга Н.Түвшинбаярыгаа улсын начин болгохын төлөө зүтгэнэ гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

 

Монголчууд бөхөө үзэн баясаж суух дуртай. Эр бяр тэгширсэн  эрэмгүй хүчтэнүүд маань одоо бүгд наадмынхаа бэлтгэлийг базааж байгаа. Энэ жилийн наадам урьдынхаас бүр ч онцлогтой. Хүннү их гүрний болоод тусгаар тогтнолын   гээд тэгш тоотой гурван том ой тохиож байна. Бөхчүүдээс хэн нь түрүүлэх бол гэсэн таамаг ч хүмүүсийн дунд өрнөж эхэллээ. Цолны найраа яригдахгүй өнгөрөх наадам гэж байхгүй болсон тул хэн нь хэнд хэдэн төгрөг өгч начин болох бол гэсэн битүүхэн таавар бас сэм сэмхэн хөвөрнө. Өнгөрсөн жилүүдэд аймгийн наадмууд овоо хэдэн арслан, заан төрүүлсэн. Тэдний найрааны ханш  дөнгөж  дөрөв, таван саяд багтсан гэнэ. Аймгийн начин бол тун  шалихгүй. Ганцхан саяыг. Саяхан Завхан аймгийн баяраар аймгийн заан М.Баярсайхан түрүүлж, арслан цол хүртлээ. Тэрээр улсын заан Баяржавхлангийн ах нь юм.  Нас сүүдэр талийж өгсөн тул  хэр баргийн заалны барилдаанд ч зодоглохоо больсон  юм билээ. Гэхдээ тэр дүүгийнхээ буянаар аймгийн цолоо нэг шат ахиулах хорхойд идэгдээд байж сууж чадахаа больж явсан бололтой. Тиймээс түүнийг улсын заан ах нь  ивээн тэтгэж  ийнхүү аймгийн арслан болгожээ. Энэ ч яая гэхэв ах дүү хоёрын дунд болсон найраа. Гэхдээ үзэгч олноо тэд хүндэлсэн бол арай   ийм хөгийн барилдаан болохгүй байсан хэмээн нутгийнхан нь халаглаж байна. Энэ барилдаанд М.Баярсайханыг өлхөн давах олон сайхан бөхчүүд илбэ шидийн юманд дайруулсан мэт унаад өгчээ. Ийнхүү ах дүү хоёрын найрах хооронд Ц.Сумъяабэйс, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Л.Нямсүрэн гэсэн улсын начингууд тус бүрдээ нэг сумын зааныг аймгийн начин болгосон байна. Ингэхдээ тэд хөлсөнд нь дээрх жишгээр  нэг сая төгрөгөө л авсан байна. Үүнийг  хаа сайгүй ярьцгааж байна. Угаасаа хээгүй гүдэсхэн бөхчүүд хойно  хоорондоо  юугаа нуухав дээ. Зөвхөн нэг аймгийн баярын барилдаанаар ийм л зүйл илэрч  байна. Улсын наадамд найраа яаж  явагдах нь тодорхой. Өнөө жилийн наадмаар Бээжингийн олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начны төлөө зодоглохоор болж байгаа. Тэр одоо үндэсний бөхөөрөө  аймгийн арслан цолтой.  Булган аймгийнхан олимпоос аварга төрүүлсэн болохоор одоо түүнийгээ улсын цолтой Монгол бөх болгох гэж байх шиг байна. Үүний  төлөө аймаг орноороо бүгд хөдлөх бололтой. Эхний ээлжинд Булганы томоохон бизнесменүүд улсын начны цолыг ахиухан юмаар мялаах тухайгаа ярилцаж байгаа сурагтай. Н.Түвшинбаярын хувьд харин найраа майраагүйгээр начин цолонд хүрчих болов уу. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Цаана нь аймгийн олон сайхан арслангууд тэвхэлзээд зогсож байгаа. Эв нь таарахгүй бол тун хэцүү. Арчаад хаяж магадгүй. Тэгэх дээрээ тулбал найраа хийхээс өөр замгүй болно. Н.Түвшинбаярын начны найрааны мөнгө тэгвэл хэн гэдэг бизнесменээс гарах юм бол доо. Багагүй мөнгө гарч таараа. Ж.Бат-Эрдэнэ, Э.Энхбат, Б.Заяамандах нар начин цолоо тус бүр 60 сая төгрөгөөр аргалсан гэдэг. Үүнийг нь гэрчлэх хүн олон байгаа бололтой. Н.Түвшинбаяр өөрийн  эр бяр, ухаанаа уралдуулан начин болох шаанс дутахаар шинжтэй болвол дор хаяж ийм хэмжээний мөнгө бэлэн байх хэрэгтэй биз. Гэвч олимпийн аварга маань арай ч иймэрхүү  болчимгүй юм хийж нүүрээ баасдахгүй биз дээ. Бусад нь харин, ялангуяа сүүлийн үед тодроод байгаа аймгийн залуухан арслангуудаас бөөн мөнгө асгарч болох л юм.  Ямартай ч улсын начны найраа энэ жил 60-100 саяд хүрэх бололтой байна.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top