Олон нийтийн сүлжээ болон бодит жагсаал цуглаанууд дээр хоёр төрлийн хуйвалдааны онол ихэвчлэн нэгдэж байна. Тэднийг нэгтгэж буй цор ганц зүйл нь бодит байдлаас хэт хөндий байх явдал.
Нэг талаас, QAnon: Ерөнхийлөгч Трамп сатанд хорлогдсон элитүүдийн эсрэг нууц дайн явуулж байгаа хэмээх хуурамч онол, нөгөөх нь, коронавирус гэж огт байхгүй, байлаа ч үхлийн аюултай биш гэх мэтээр ямар ч үндэслэлгүй “нотолгоо” тараадаг “Шинжлэх ухаанчдын” масс юм. Энэ хоёр үзэл суртал одоогоор томоохон хуйвалдаан дээр нэгтгэгдэж байна.
Хуйвалдааны онол гэж юу вэ. Тодорхой хувь хүн, нийгмийн бүлэг, үндэстнийг хорлох санаа агуулж урт удаан хугацааны турш маш нарийн аргаар үйл ажиллагаа явуулж байдаг дайсан этгээдийн тухай хийсвэр санааг “Хуйвалдааны онол” хэмээн нэрлэдэг талаар шилдэг нийтлэлч, судлаач Баабар нэгэнтээ тодорхойлж байжээ. Тэрээр цааш нь: “Нийгмийн сэтгэл зүйгээр тоглож “хуйвалдааны онол” зохиох талаар мэргэшсэн хувь хүмүүс, тодорхой бүлэг түүхийн турш байсаар иржээ. Түүхэнд хамгийн их тэмдэглэгдсэн хуйвалдааны онол жүүд үндэстний эсрэг чиглэсэн байлаа. Энэ нь нэн эртний улбаатай. Дундад зууны үед Европт дэгдсэн хар тахалын эзэн нь жүүдүүд гэсэн хуйвалдааны онол маш түгээмэл байсан. Тэд энэ тахалыг анхлан бодож олж улмаар өөрснөө маш сэмээр нийгэмд тархаан нийт европчуудыг устгах төлөвлөгөөтэй байсан тухай тун олон янзын хувилбар бий. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед тухайн тахалын цаад эзэн нь вирус, тархаагч нь харх, шалтгаан нь өрнө дорныг холбосон наймаа худалдаа өргөжсөн болохыг тайлсан, харин дундад зуунд жүүд нарын хуйвалдааны онолд хүн болгон ягштлаа үнэмшиж байсан....” хэмээн дурджээ.
Тэгвэл бидний өнөөгийн нөхцөлд ч янз бүрийн зорилго бүхий хуйвалдааны онолууд бий болж, тэдгээрт олон нийтийн зарим хэсэг итгэдэг хэвээр л байгаа аж.
Тэд хоорондоо нягт холбоотой
Өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр Лондон хотноо болсон жагсаал цуглаан дээр энэхүү байдал тодорхой ажиглагджээ. Бүх нийтээр маск зүүх болон тусгаарлалт, хорио цээрийг эсэргүүцсэн жагсаал дээр үг хэлсэн зарим илтгэгчид тэрхүү хоёр сэдвийг хоёуланг нь хөндсөн байна. Мөн QАnon болон бусад хуйвалдааны онолуудыг сурталчилсан зурагт хуудсуудыг тэнд байрлуулсан байв.
Тухайн үед, ням гарагт АНУ дахь КОВИД-19 өвчлөлөөр нас барагсдын бодит тоо нь дэлхийн албан ёсны тоо баримтын багаахан хэсгийг бүрдүүлж байгаа талаарх нэгэн жиргээг ерөнхийлөгч Трамп ретвийт хийсэн /дахин жиргэсэн/ бөгөөд дараахан нь худал мэдээлэлд хандах Твиттерийн бодлогын улмаас уг жиргээ устгагдсан байна. Гэвч тэрхүү жиргээг нийтэлсэн "Mel Q" хэмээх хэрэглэгч идэвхтэй хэвээр байж, QАnon үзэл суртлыг түгээсээр байгаа аж.
Тэрхүү QАnon-ы гол агуулга нь ерөнхийлөгч Трамп хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тасралтгүй тэмцэж байгаа, тэрхүү гэмт хэрэг зарим нэртэй улстөрчид болон сэтгүүлчидтэй тооцоо бодох тэр өдөр дуусах болно гэжээ. Мел Кью бол коронавирусын тухай хуурамч мэдээлэл түгээж байгаа QАnon-ы олон тооны нөлөө бүхий аккаунтуудын нэг юм.
QАnon гэж юу вэ
QАnon бол АНУ-д түгээмэл хэрэглэгдэж буй хуйвалдааны онолын нэг төрөл бөгөөд 2017 оны аравдугаар сард Хиллари Клинтон баривчлагдаж, цуст бослого дэгдэхийг “зөгнөсөн” цуурхал мэдээ гарч байсан нь энэхүү онолын нэг хэсэг байсан гэж болно. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Q хэмээх “домог” үүсэн, Холливуд болон Вашингтоныг хянаж, хүүхдүүдийг худалдаалан, АНУ-ыг сүйрүүлэхийг хүсдэг алдартнууд, бизнесмэнүүд, албан тушаалтнуудын эсрэг ерөнхийлөгч Трамп нууц дайн явуулдаг гэх үзэл суртлыг түгээдэг болсон байна. QАnon хуйвалдааны онол болон КОВИД-19 хоорондоо хэрхэн нийлэн сүлэлдэж байгаа нь ВВС-ийн хүлээн авсан цахим захидлууд дээр ажиглагдсан аж.
“Коронавирус бол хэн ч мэдээлэхийг хүсдэггүй, дэлхий дээрх ноцтой асуудлуудын нэг болох хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор хулгайлах гэмт хэргийг халхавчилсан хаалт юм” хэмээн тэдгээр захидлуудын нэгэнд дурджээ.
Хуурамч мэдээллийн урсгал
QАnon-ы нөлөө бүхий төлөөллүүд, мөн цар тахлын хуйвалдааны талыг баримтлагчдын хооронд ижил төст байдал нэлээн эртнээс ажиглагдаж байсан хэдий ч өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр Лондон болон дэлхийн бусад томоохон хотуудад болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанууд тэдний өргөжсөөр буй харилцаа холбоог илтгэсэн томоохон хэмжээний оффлайн хөдөлгөөн болсон билээ.
“КОВИД-ийн хуурамч онолын талынхан QАnon-ы жагсагчид дотор өөрсдийн бэлэн сонсогчдоо олж чадлаа” хэмээн Стратеги харилцааны институт /ISD/-ын бодлогын албаны дарга, экстремизм судлалын шинжилгээний төвийн захирал Хлое Колливер өгүүлжээ.
“Нийгмийг хөдөлгөгч машин эвдэрч, дэлхий ертөнц дээр болж буй үйл явдлуудад бодит дүгнэлт өгөх чадвар хангалтгүй болох үед хуйвалдааны онолууд цэцэглэж эхэлдэг” гэж Нээлттэй их сургуулийн сэтгэлзүйч Йован Байфорд тайлбарласан байна. Мөн хуйвалдааны онол нь тодорхой хүрээг хамарсан үйл явдал учир шалтгааны улмаас нийгмийн тусламжтай ашиг хонжоо хайсан хэдхэн хүний нууц төлөвлөгөөтэй холбоотой гэх таамаг ч байдаг аж.
Цар тахал тэдгээр үзэл суртлыг дагагчдын тоог нэмэгдүүлсэн хэдий ч QАnon болон коронавирусын учиг нь мөн хүүхдүүд болон тэдний аюулгүй байдлын талаар санаа зовних цэг дээр хоорондоо холбогдож байгаа юм.
Ийм учраас эдгээр үзэл онол нь ямар кафе хүүхдүүдэд тохиромжтой, орон нутгийн ямар сургуулийн сургалтын чанар илүү сайн болох талаар нөхөрсөг яриа өрнүүлдэг Facebook группүүд дээр илүүтэй тархаж чаджээ. “Хүүхдийн хүчирхийлэл нь бэлгийн болон ёс суртахууны доройтлын илэрхийлэл бөгөөд маргаангүй муу зүйл юм. Иймд түүнийг өөрсдийн онолдоо оруулж өгсөн нь хуурамч мэдээллээ түгээхэд тэдэнд ихээхэн түлхэц болж байна” хэмээн Йован Байфорд дурдсан байна.
Бямба гарагт жагсаал цуглаанд хүрэлцэн ирсэн хүмүүсийн дийлэнх нь коронавирусээр нас барагсдын түвшний тухай баталгаагүй мэдээлэл, хүүхдүүдтэй хатуу ширүүн харьцаж байгаа болон “зайлшгүй” вакцинжуулалтын талаарх үндэслэлгүй таамаглал, засгийн газар болон сүүдрийн сөрөг хүчнийхний төлөвлөсөн цар тахлын тухай хуурамч дүгнэлтийг хангалттай сонссон аж.
“Тэнд яригдсан сэдвүүдийн ихэнх нь баталгаагүй мэдээллүүд байсан. Илтгэгчдийн хэн нь ч хөл, хорио цээрийн дэглэм жижиг бизнест хэрхэн нөлөөлж буй талаар ярьсангүй” гэж Hope Not Hate хүний эрхийн байгууллагын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жо Малхолл ярьжээ.
Гэр бүлийн зөрчил
Би-би-си-тэй холбогдсон нэгэн залуугийн өгүүлснээр, ээж нь Лондонд болсон жагсаалд оролцохдоо хоёр зурагт хуудас авч явсан. Нэгэн дээр нь: “Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийснийх нь төлөө Билл Гэйтсийг баривчил!” гэж коронавирусын тухай хуйвалдааны онолыг тусгасан бол, нөгөөх нь "#SavetheChildren" гэх QАnon-ы хэштэгтэй мэдээлэл байжээ.
Уг залуу гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөхөөс сэрэмжлэн нэрээ хэлэхээс татгалзсан бөгөөд ээж нь жагсаалд оролцсоноос хойш элдэв хуурамч мэдээлэлд улам итгэмтгий болж, тэр чиглэлээр YouTube-д байгаа бичлэгүүдийг шимтэн үздэг болсон аж. “Тэрээр юунд итгэж буйг нь тодорхойлохын аргагүй элдэв янзын онолуудыг шимтэн сонирхож, тэдгээр нь харилцан бие биетэйгээ зөрчилдөж байгаа нь бүр эргэлзээтэй” хэмээн тэр гайхашран дурдсан байна.
Ээжийнх нь тэрхүү хандлага тэдний харилцаанд сөргөөр нөлөөлж эхэлжээ. “Ээж маань одоо эдгээр хуйвалдааны онолуудыг сурталчилсан элдэв бичлэгүүд, мэдээллийг гэр бүлийн WhatsApp чат руу байнга илгээдэг болсон. Иймээс түүнтэй хэвийн байдлаар ярилцахад маш түвэгтэй болоод байгаа” хэмээн тэрээр өгүүлжээ.
Хурдацтай тархалт
“Бидний сэтгэлийг хамгийн их зовинуулж буй зүйл бол эдгээр үзэл бодлууд нь QАnon-д суурилагдсан томоохон үзэл суртал дээр нэгдэн нягтарч буй явдал. Q нь янз бүрийн хуйвалдаануудын хоорондох цэгүүдийг холбож өгөх боломжийг олгож, ингэснээр хөшигний ард байгаа нууц бүлэглэлийн ямар нэгэн эрх ашигт үйлчилж байна гэсэн үг юм. Эдгээр онолуудын өнгөн хэсэгт антисемитизм байнга оршдогоороо онцлогтой” хэмээн Hope Not Hate-ийн Жо Малхолл онцлон тэмдэглэсэн байна.
“Аюултай худал мэдээлэл түгээж болзошгүй хэрэглэгчдийн тоо ихээр өсөн, тэдгээрийг хориглон саатуулахад улам хүндрэлтэй болж байна. Тэдний хоорондын харилцаа холбоо улам нягтаршиж байгаа учраас технологийн платформуудын хувьд ноцтой хуурамч мэдээлэлд байнгын хяналт тавихад бэрхшээлтэй байгаа” гэж ISD-ийн Хлоя Колливер өгүүлжээ.
Твиттер сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн том QAnon аккаунтыг устгасан; Фэйсбүүк олон тооны QAnon группийг хаасан; мөн мянга мянган QAnon Instagram хуудсыг устгаж, TikTok нь хуйвалдааны онолтой холбоотой hashtag-уудыг блоклосон байна.
Эх сурвалж: BBC Anti-disinformation unit
Сэтгэгдэл ( 2 )
Муу юм бүгдийг Ангил,Америк л гаргах юм дөө: Бид түүнийг нь учир утгагүй уулаглан дагаж хийсэх юм дөө
Fucking orange terror