Усжуулалт, хүнсний ногоо үйлдвэрлэлийн төсөл хэрэгжиж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV”  аяныг хэрэгжүүлэхээр малчид, тариаланчдад чиглэсэн олон ажлуудыг тусгасан.  Үүний нэг нь үр ашигтай усжуулалтын системийг  бий болгож, менежментийн тогтолцоог бүрдүүлэх ажил юм. Энэ хүрээнд Азийн Хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд  “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэллээ.

Уг төсөл нь Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгуудад 2020-2026 онд хэрэгжинэ. Төслийн хүрээнд нийт 12 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариалах юм. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна. “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ өнөөгийн түвшингээс 12%-иар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон газар тариалан эрхлэх чадамжтай болж, таримлын ургац нэмэгдэн, үр ашигтай маркетинг хэрэгжүүлж, хүнсний ногоо тариалагчдын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top