Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өнөөдөр нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзалт хийлээ. Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон нийт гишүүдэд үүрэг зөвлөмжийг өгсөн юм.
Нийслэлийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Сонгуулийн хорооны гишүүдэд Орон нутгийн сонгуулийн шинэ хуулийн онцлог, хуулиар зохицуулах асуудлаар гарч болох бэрхшээл болон сонгуулийн бэлтгэл ажлын талаарх зөвлөмжийг нийслэл, дүүргийн 63 албан хаагчдад өгч байна. Дүүрэг бүрийн тухайд онцлогтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн тухайд 102 санал авах байранд 900 гаруй төрийн албан хаагч, Сонгинохайрхан дүүрэгт 120 гаруй санал авах байранд 1100 орчим төрийн албан хаагчид ажиллаж байна” гэв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгулийн тухай хуульд зааснаар сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Иргэд, сонгогчид санал тэмдэглэхдээ тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
Сонгуулийн хорооны ажилтныг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Төрийн албаны тухай хуулийн 61.1.4-д албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага, эсхүл цагдаагийн байгууллагаар хамгаалуулахаар заасан гэдгийг СЕХ-ноос нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )