Дональд Трамп Дээд шүүхийн орон тоог нөхөхөөр юунд яарав

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхийн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй шүүгч, жендэрийн тэгш эрхийн төлөө цогтой тэмцэн, олон хуулийг санаачилж байсан Рут Бейдер Гинзбург / Ruth Bader Ginsburg/  хорт хавдрын улмаас өнгөрөгч баасан гарагт 87 насандаа таалал төгссөн билээ. Түүний нас барсан явдалд харамсан АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс:  “Манай улс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хуульчаа алдлаа” хэмээн мэдэгдсэн байна. Дээд шүүхийн алдартай хуульч энэ эмэгтэй 1956 онд Харвардын Хуулийн сургуульд сурч байсан есөн эмэгтэйн нэг бөгөөд нялх хүүхэд, өвчтэй нөхрөөсөө болон сургуулиас гарч, гурван жилийн дараа Колумбын Хуулийн сургуулийг онц дүнтэй төгсөж байжээ. Р.Гинзбург 1993 оны наймдугаар сарын 10-нд тухайн үеийн Ерөнхийлөгч асан Билл Клинтоноор томилогдон  АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн тангараг өргөснөөс хойш  27 жилийн турш ажиллаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Рут Бейдер Гинзбургийг нас барсны дараахан ерөнхийлөгч Дональд Трамп Дээд шүүхийн сул  орон тоог нэн даруйхан нөхөх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Алдартай шүүгч эмэгтэй Америкийн ерөнхийлөгчийн сонгууль болохоос ердөө зургаан долоо хоногийн өмнө таалал төгсөж,  түүний орны томилгоо чухал ач холбогдолтой шийдвэр учраас сонгуулийн дараа хийх нь зүйтэй гэж Трампын өрсөлдөгч Жо Байден үзэж байна. АНУ-ын Дээд шүүхэд бүхий л насаараа сонгогддог есөн шүүгчийн үзэл бодлын тэнцвэртэй байдал нь тус оронд хууль тогтоох шийдвэрүүдийг гаргахад нэн нөлөөтэй аж.

2016 онд ардчилагч-ерөнхийлөгч Барак Обамагийн Дээд шүүхийн гишүүнд  дэвшүүлсэн хүнийг тухайн үед бүгд найрамдахчууд олонх байсан Сенатын зүгээс хориг тавин, ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед ийм шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн олонхийн ахлагч Митч Макконнелл тайлбарлаж байсан юм. Гэтэл одоо тэрээр Трампын дэвшүүлэх хүнийг яаралтай хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

ВВС-ийн улстөрийн тоймч Энтони Зуркер Дээд шүүхийн шинэ шүүгчийн томилгоо одоогийн нөхцөл байдалд яагаад чухал үүрэгтэй байгаа талаар тайлбарласан байна.

 

Гинзбургийн орны шүүгчийг Трамп сонгуулиас өмнө томилох уу

Р.Гинзбург таалал төгссөнөөр  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гурав дахь томилгоогоороо Дээд шүүх  дэх консерватив олонхийг өргөжүүлэх боломж үүссэн байна. Ингэснээр ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн хугацаандаа л гэхэд,  Америкийн хууль зүй, дотоод бодлогод урт удаан хугацааны ул мөрөө үлдээх боломж түүнд гарч байгаа аж.

Ерөнхийлөгчийн хувьд арваннэгдүгээр сарын сонгуулийн өмнө эсвэл дараа нь Гинзбургийн орны хүнийг томилох нь дамжиггүй. Харин сонгуулийн дараа бүгд найрамдахчууд сенат дахь олонх байдлаа алдах юм бол Трампын нэр дэвшигчийг батлах явдал  оны эцсээр буюу Танхимын хуучин бүрэлдэхүүн бүрэн эрхээ хадгалсаар байх үед гарч магадгүй юм.  Дээд шүүхийн шүүгчийн орон тоог энэ онд багтаан нөхөх гэсэн дурын оролдлого нь ардчилагчдын зүгээс бүгд найрамдахчуудыг хоёр нүүртэн хэмээн буруутгах үндэслэл болох аж . Тэгээд ч 2016 онд Дээд шүүхэд Барак Обамагийн дэвшүүлсэн хүнийг Сенат дахь бүгд найрамдахчууд хэрхэн хориглож, Трамп ялсныхаа дараа түүнийг томилсныг ардчилагчид мартаагүй байгаа.

 

Трампын нэр дэвшүүлсэн шүүгч батлагдаж чадах болов уу

Нэр дэвшигчийг хэзээ батлах вэ гэдгээс бүх зүйл хамаарах аж. Одоогоор 53 бүгд найрамдахч Сенатад байгаа бөгөөд нэр дэвшигчийг батламжлахад 50 санал шаардлагатай. Гэвч Мэн мужаас сонгогдсон Сьюзан Коллинз, Аляскийн сенатор Лиза Мурковски нар Жо Байден сонгуульд ялбал шинэ шүүгчийг томилох боломжийг түүнд олгох талд байгаа аж. Коллинз энэ онд дахин нэр дэвшиж буй бүгд найрамдахчуудын жагсаалтад орж байгаа хэдий ч түүний нам ялалт байгуулах эсэх нь одоогоор баталгаагүй байна.

Сенатын гишүүд сонгуулийн кампанит ажилд оролцох хүсэлтэй байгаа учраас Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх талаарх сонсгол, санал хураалт зэргийг сонгуулиас өмнө амжуулах боломжгүй шахуу юм. Тэгээд ч, энэхүү томилгоог яаравчлан хийх тохиолдолд Жо Байден болон ардчилагчид ялалт байгуулж, ард түмний эрх ашгийг хөсөрдүүллээ хэмээн бүгд найрамдахчуудыг буруутгах магадлалтай аж.

 

Дээд шүүхэд хэн байх нь яагаад ийм чухал ач холбогдолтой вэ

Энэхүү томилгооны эргэн тойрон дахь өнөөгийн нөхцөл байдал ийнхүү олныг анхаарлыг татаж буй нь Гинзбургийн үхэл улстөрийн чухал үед тохиосонд биш, харин энэ томилгооноос гарах үр дагавар Америк орны хууль зүйн салбарт маш чухал ач холбогдолтойд оршиж байна.

Хэрэв Трамп Гинзбургийн орыг залгамжлагчийг дэвшүүлэхэд хүрвэл хамгийн магадлалтай хүн нь Тойргийн давж заалдах шатны шүүгч Эми Кони Барретт юм. Тэрээр өмнө нь гарч байсан хоёр сул орон тоон дээр мөн яригдаж байсан бөгөөд одоо энэ шүүгч бүсгүй, эсвэл иймэрхүү төрлийн хэн нэгэн Гинзбургийн орыг эзлэхэд хүрвэл Дээд шүүх дэх үзэл бодлын тэнцвэрт байдал хэт баруун руу хэлбийх аж. Тэгсэн тохиолдолд энэ оны эхээр либерал үзэлтнүүд ихээхэн хүчин чармайлт гарган шүүх дээр ялж байсан үр хөндөлт, цагаачлал, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлууд нь консерватор үзэлтнүүдийн ялалтаар солигдож болзошгүй юм. Мөн Дээд шүүхийн есөн суудлаас зургааг нь консерваторууд эзлэх тохиолдолд галт зэвсэг хадгалах бөгөөд хэрэглэх тухай, сонгогчдын эрхийн тухай, ижил хүйст хосууд хүүхэд үрчлэх, шашин шүтлэгийн эрх чөлөөний тухай гэх мэт америкийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлууд өнөөгийнхөөс огт өөр болох магадлалтай аж.

 

Трамп болон Байдены сонгуулийн кампанит ажилд энэ явдал туслах уу

Коронавируст цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн болон нийгмийн саажилт үүсээд буй хэдий ч энэхүү үйл явдлаас өмнө Трамп болон Байдены хоорондох өрсөлдөөн бараг тэнцүү байдалтай явж байлаа. Жо Байден бүх нийтийн санал асуулга болон “савлуур мужууд” дахь санал асуулгуудаар Трампаас ялимгүй илүүрхэж байсан нь америкчууд хэнд санал өгөхөө аль хэдийн товлочихож гэж болохоор байв. Харин Гинзбург таалал төгссөн явдал сонгуулийн өрсөлдөөнд тодорхойгүй шинэ хүчин зүйлийг үүсгэжээ.

2016 онд Дээд шүүхэд сул орон тоо үүссэн нь Трампын талынханд, ялангуяа евангал үзэлтнүүдийн хувьд үр хөндөлтийн эрхийг батламжилсан шүүхийн шийдвэрийг эргэн харах боломж гарлаа хэмээн үзэхэд  тусалсан байна.  Тухайн үед Дээд шүүх дэх сул орон тооноос шалтгаалж сонгуулийн хэсгийн хороодод санал өгөхөөр консерватив үзэлтнүүд илүү ихээр ирсэн нь Трампын ялалтад чухал нөлөө үзүүлжээ. Иймд энэ удаагийн сул орон тоо ч бас сонгогчдын идэвх оролцоонд нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байна.

Хэрэв бүгд найрамдахчууд ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шинэ шүүгчийг батламжилж чадвал барууны үзэлтнүүдийн дэмжлэгийг авах боломжтой, нөгөө талаас, Рут Бейдер Гинзбургийг шүтэн, түүний тухай кино баримтат нэвтрүүлгүүдийг үзэж, эрүүл мэндэд нь ихээхэн санаа зовж байсан ардчилагчдын хувьд Гинзбургийн өв уламжлалыг хадгалан үлдэхийн тулд саналаа идэвхтэй өгөх магадлалтай аж. Мөн Гинзбургийн үхэл залуучууд буюу улстөржөөгүй сонгогчдын урам зоригийг сэргээхэд хүрвэл энэ нь ардчилагчдад ихээхэн тус болох юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top