Х.Баттулга: Баялаг бүтээгчдийн хүчийг төвлөрүүлэх санаачилгыг дэмжиж байна

2020 оны 09 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Энэ үеэр “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд тус аймагт зохион байгуулагдсан чуулга уулзалтад оролцож үг хэллээ.

Тэрбээр "Бизнесийнхээ салбарын зовлон бэрхшээлийг мэдэх, ойр явсан хүний хувьд өнөөдөр Монгол Улсад ийм санаачилга аймаг, дүүрэг Монгол даяар дэлгэрч, баялаг бүтээгчид нэгдэж, хоршиж ажиллаасай гэж бодож явдаг хүмүүсийн нэг нь би. УИХ-ийн гишүүн О.Цогтгэрэл баялаг бүтээгчдийн эгнээнээс улс төрд орсон хүн. Баялаг бүтээгчдийн хүчийг төвлөрүүлэх, бизнесүүд бүх шатандаа хамтран ажиллах боломжийг нээх уулзалт, чуулганыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. Баяр хүргэе!

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засгийн явж ирсэн замнал, Засгийн газар, төрөөс бизнест хандах хандлага, бизнес эрхлэгчдийн хэрэглэж ирсэн арга барил, сэтгэлгээ зөв эсэхийг бид эргэцүүлэн, шинэ зам, шинэ хандлага, шинэ арга барил олж авах цаг болсон гэж би үздэг. Ингэж байж л өсөлт, дэвшлийг авчирна. Өнгөрсөн хугацаагаа бас бид судлах хэрэгтэй.

Ялангуяа, баялаг бүтээгчид Та бүхэн үйл ажиллагаандаа орчин үеийн бизнес, эдийн засгийн шийдлүүдийг нэвтрүүлж ажиллаарай гэж хүсье. Тухайлбал, дэлхийн шилдэг бизнесүүд хамтрах, хорших байдлаар хязгаарлагдмал нөөцөө оновчтой зарцуулж, илүү бүтээмжтэй ажилладаг болсон. Юуны өмнө төр, хувийн хэвшил, орон нутгийнхан нийлээд эдийн засгаа тэлж, шинэ зах зээлүүдийг нээх нь чухал болчихоод байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах зах зээл бол бизнесийн анхдагч суурь юм" гэж онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.160) 2020 оны 09 сарын 21

Баялаг гэж юуг хэлээд байна аа, бас баялаг бүтээгчид гэж яадаг, ямар хүүсийгхэлдэг вэ?Өнөөгийн шунаг сэтгэлтнүүдийн хувийн өмч гээд байгаа алт, нүүрс, өнгөт метал бүгд байгаль бүтээсэн, дахин бий болохгүй, хэн ч түүнийг бүтээхгүй. Харин тэр баялгийг ухаж гадагш нь зөөж түүгээрээ мөнгө олж байгааг баялаг бүтээгч гэж хэн ч хэлэхгүй. Эдлэл, хэрэглэгдэхүүн үйлдвэрлэдэг цөөн газар байдаг ч тэр үйлдвэрлэснийг нь баялаг гэхэд хэцүү, харин эд хөрөнгө гэвэл болох л юм.

0  |  0
Top