FinCEN баримтуудад ОРОСЫН ОЛИГАРХИУД хутгалджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Сэтгүүлчид их хэмжээний нууц материалуудыг судалсны үндсэн дээр дэлхий даяар бохир мөнгө “угаахад” томоохон банкууд тусалсныг илрүүлсэн байна. АНУ-ын Сангийн яамны бүтцэд багтдаг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтэс /FinCEN/-ийн баримтуудыг Buzzfeed-ийн сэтгүүлчид хүлээн авч, дараа нь тэдгээрийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-д дамжуулжээ. Энэхүү байгууллага нь дэлхийн 88 орны 108 мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэдэг юм.

Оросын олигархиуд АНУ болон Европын Холбоо /ЕХ/-ны зүгээс өөрсдийнх нь эсрэг тавьсан хоригийг “тойрч гарахын” тулд барууны банкуудыг ашигласан тухай тэдгээр баримт материалууд дотор дурдагджээ. Тухайлбал, Владимир Путины ойрын нөхдийн нэг болох Аркадий Ротенберг өөрийнх нь эсрэг АНУ, ЕХ-ны зүгээс тавьсан хоригийг “тойрох”, мөн мөнгө “угаах” ажиллагаандаа Лондон дахь Barclays банкийг ашигласан байна. Мөн Британийн эрх баригч Консерватив намд 1,7 сая фунт буюу 2,2 сая долларын хандив өргөж байсан Любовь Чернухинагийн нөхөр 2016 онд нийтдээ 8 сая доллар хүлээн авсан нь илэрчээ. Тэрээр уг мөнгийг Владимир Путинтэй нягт холбоотой гэгддэг оросын олигархи Сулейман Керимовоос нууцаар хүлээн авсан байж магадгүй аж. Би-би-си-гийн “Панорама” хөтөлбөрийн сурвалжлагчид FinCEN файлуудыг судалж байгаад ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Любовь Чернухинагийн хандивласан 2,2 сая доллар дотор Британийн сүүлийн гурван ерөнхий сайдтай үдийн зоог барих эрхийг авах төлбөр багтсан бөгөөд түүний нөхөр найман сая долларыг Кремльтэй ойр харилцаатай хэмээн АНУ-ын хоригт орсон бизнесмэн Керимовоос хүлээн авсан байж болзошгүй аж. Гэвч Чернухинагийн өмгөөлөгч түүний өргөсөн хандивыг Кремльтэй ямар ч холбоогүй хэмээн батлахыг оролдсон байна.

Банкуудын алдагдсан “сэжигтэй үйлдлийн тухай тайлангуудыг” хэвлэл мэдээллийнхэн FinCEN файлууд (FinCEN Files) хэмээн нэрлэж байгаа бөгөөд Владимир Чернухин 2016 онд Британийн Виржини арал дээр бүртгэлтэй, Сулейман Керимовтой хамаарал бүхий компаниас мөнгө хүлээн авсныг тэдгээр баримтууд гэрчилж байгаа аж.  Энэхүү шилжүүлэг нь Нью-Йорк дахь Deutsche Bank-ийн ажилтнуудын гаргасан тэрхүү оффшор компанийн 278,5 сая долларын гүйлгээний тухай тайлан дотор орсон байжээ.

Сүүлийн жилүүдэд орос гаралтай баян британичууд улс төрийн намуудад ихээхэн хандив өргөх болсон нь олны анхаарлыг татаад байгаа юм. Британийн парламентын тагнуул болон аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрөгч долоодугаар сард тавьсан илтгэлд тэдгээр хандивууд нь “Оросын нөлөөг хүчирхэгжүүлэхэд туслах” зорилготой байж болзошгүйг онцлон дурдсан байна.

 

“Буруу хүмүүс”

Тэрбумтан Сулейман Керимов бол оросын томоохон алт олборлогч компанийг эзэмшдэг бөгөөд Холбооны Зөвлөлд Дагестаныг төлөөлдөг. Францад түүнийг татварын залилантай холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байгаа хэдий ч  Керимов өөрөө ямар нэгэн хууль зөрчөөгүй хэмээн үгүйсгээд байгаа. Тэрээр 2018 онд “Оросын талаас хорлон сүйтгэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг” хүмүүсийн эсрэг АНУ-ын тавьсан хориг дотор орсон аж.

52 настай Владимир Чернухин бол Оросын Сангийн дэд сайд асан, Внешэкономбанк (ВЭБ)-ийн дарга асан юм. Тэрээр 2004 онд ВЭБ-аас халагдсаныхаа дараахан эх орноо орхисон бөгөөд гэр бүлээрээ британийн иргэншилтэй, Лондонд аж төрдөг, Их Британи дахь хамгийн алдартай орос гэр бүлийн нэг юм.

Түүний эхнэр 47 настай Любовь Чернухина  2012 онд Консерватив намын хандивлагч болж, тус намд өргөсөн хандивынх нь томоохон хэсэг болох 1,5 сая фунт /1,9 сая доллар/ 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд түүний нөхрийн дансанд найман сая доллар Керимовоос орж ирсний дараахан хийгдсэн байна.

“Эхнэр, нөхөр Чернухинүүд хэчнээн аятайхан хүмүүс байлаа ч, британийн улстөрийн намуудад ашигтайгаар хандив өргөдөг буруу хүмүүс” хэмээн Би-би-си-гийн “Панорама” хөтөлбөрт сэтгүүлч Эдвард Лукас оролцохдоо өгүүлжээ. Тэрээр оросын нөлөөг мөшгиж буй парламентын мөрдлөгийн явцад мэдүүлэг өгч байсан аж. Лукасын өгүүлснээр, “Любовь Чернухина төдийгүй оросын бусад баячууд Консерватив нам болон Засгийн газрын орой руу мацах боломжийн түвшинд очиж байгаа явдалд ихээхэн санаа зовинож байна” гэжээ.

 

Ерөнхий сайдуудтай теннис тоглосон нь

Чернухинагийн өргөсөн хандивууд Британийн Засгийн газарт өндөр албан тушаал хашдаг хүмүүстэй харьцах боломжийг түүнд олгосон байна. Тэрээр 2019 оны дөрөвдүгээр сард 135 мянган фунт буюу 174,5 мянган доллараар Тереза Мэйгийн засгийн газрын гишүүдтэй үнэтэй зочид буудалд хатагтай нарын зохион байгуулах үдэшлэгийн урилгыг хүлээн авчээ.

Түүнээс гадна хоёр ч удаа Борис Жонсонтой теннис тоглох эрхийн дуудлага худалдаанд ялж байсан бөгөөд сүүлийн тоглолтыг өнгөрөгч хоёрдугаар сард 45 мянган фунт төлөн олж авсан байна. Үүнээс өмнө тэрээр 2014 онд 160 мянган фунт төлөн тухайн үеийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Лондон хотын захирагч асан Жонсон нартай теннис тоглох эрх авч байсан аж. 

Өнөөдөр тэрээр Британи улсын түүхэнд Консерватив намын томоохон хандивлагч эмэгтэйгээр тодроод байгаа бөгөөд сонгуулийн хорооны гаргасан тайлангаас харахад, Любовь Чернухина сүүлийн найман жилийн хугацаанд 1,7 сая орчим фунт хандивлажээ.

2018 онд Би-би-си-гийн хөтлөгч Эндрю Мар тухайн үеийн гадаад хэргийн сайд Борис Жонсоноос Чернухины тухай болон 160 мянган фунтын үнэтэй теннис тоглосон талаар нь асуухад “Хэрэв энэ жентльмэн өөрийн эд хөрөнгөө томоохон авлигын хэлбэрээр олж авсан баримт нотолгоо илрэх юм бол манай хууль сахиулах байгууллагууд түүний хөрөнгийг хураах боломжтой” хэмээн хариулж байжээ.

 

Чернухины гэр бүлийн санхүү

Чернухины санхүүгийн талаарх зарим зүйлс Москвагийн “Трехгорная мануфактура” дахь хувь эзэмшлийн төлөө Олег Дерипаскатай урт удаан хугацаанд шүүхээр заргалдах явцад нь илэрсэн байна. Лондонгийн шүүхэд сонсгол явагдах үед Чернухин нэг аж ахуйн нэгжийнхээ ашиг хүртэгчийг эхнэрээ, хоёр дахь хөрөнгийн ашиг хүртэгчээр хоёулаа байхаар батламжилсан болох нь тодорчээ. Любовь Чернухина Их Британи дахь дөрвөн компанийн захирал бөгөөд тэдгээрийн нэгнийх нь хаягжилт түүний нөхөрт Definition Services-ээс найман сая доллар шилжүүлсэн тухай банкны баримтад дурдагдсан хаягтай давхцаж байгаа аж.

Владимир Чернухин найман сая доллар хүлээн авсан эсэх талаар түүний гэр бүлийн  өмгөөлөгч ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан бөгөөд “Хатагтай Чернухина Керимов болон түүнтэй хамаарал бүхий ямар нэгэн компаниас хэзээ ч мөнгө хүлээн авч байгаагүй. Консерватив намд түүний өгсөн хандивууд Кремльтэй болон бусад ямар нэгэн нөлөөлөлтэй огтхон ч хамаагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Сулейман Керимовын хуульчдын зүгээс, “Панорама” хөтөлбөрөөр гарсан буруутгалыг тэр эрс үгүйсгэн, Чернухинтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлсэн” хэмээн мэдэгджээ. Консерватив намын хэвлэлийн нарийн бичгийн дарга : “Манай оронд орос гаралтай, британийн иргэншил авсан хүмүүс олон байдаг. Тэд улстөрийн намд хандив өргөх ардчилсан эрхтэй хүмүүс. Тэдний ихэнх нь Путиныг хурцаар шүүмжлэгчид байдаг бөгөөд бүгдийг ганц өнгөөр харлуулан будах нь зохисгүй үйлдэл юм” гэж  мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top