Г.Сайханбаяр: БХЯ салбарынхаа шил, толь нь байх учиртай

2020 оны 09 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус яамны бие бүрэлдэхүүнтэй өнөөдөр /2020.09.23/ уулзлаа. Уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг болон нийт бие бүрэлдэхүүн оролцов.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон түүнтэй уялдсан Батлан хамгаалах яамны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тэрээр бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Би бол салбараас төрсөн сайд. Өнгөрсөн хугацаанд яамны нийт бие бүрэлдэхүүнтэй уулзъя гэсэн чин хүсэл их байсан ч миний хувьд ажилтайгаа, алба хаагчидтайгаа танилцаж, уулзах шаардлага байсангүй ээ. Учир нь энэ салбарт би 31 дэх жилдээ ажиллаж байна.

Сайдаар томилогдохоосоо өмнө тус яаманд Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсныг минь та бүхэн сайн мэднэ. Тийм болохоор  ирэх жилүүдэд Батлан хамгаалах салбарын баримтлах бодлого, хууль эрхзүйн шинэчлэл, бодлогын баримт бичгүүдээ боловсруулж, батлуулах ажилдаа ханцуй шамлан орсон.

Өнгөрөгч 7 дугаар сарын 9-ний өдөр томилогдсоноос хойшхи хугацаанд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг”, батлан хамгаалах багц хуулиудад нийцүүлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгах Батлан хамгаалах салбарын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх зорилт, дэд зорилтоо тодорхойлж ажиллалаа. Мөн түүнчлэн Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.

Энэ Засгийн газар бол мэргэжлийн гэх тодотголтой. Учир нь салбар салбартаа бүх шатанд ажиллаж үзсэн, салбарынхаа ажил үүрэг, онцлогийг мэддэг тийм л хүмүүс томилогдсон. Мэргэжлийн сайд нар байна гэдэг, мэргэжлийн яамд байна гэсэн үг. Батлан хамгаалах яам бол салбарынхаа шил, толь нь байх учиртай. Бид хаашаа зүглэнэ, салбар ч бас тийшээ явна. Тиймээс Батлан хамгаалах яаманд ажилладаг бие бүрэлдэхүүн, цаашлаад хүн нэг бүр өндөр сахилга, зохион байгуулалттай, үр бүтээмжтэй ажиллах нь чухал юм.

Бүх зүйл хууль журмын дагуу, цаг хугацаандаа явагдах ёстой.2016-2020 он бол Батлан хамгаалах яамны хувьд эрхзүйн шинэчлэлийн үе байсан. Шинэчлэлээ хийсэн учраас цаашид хуулийн биелэлтийг нь хангаж, эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Мөн яам болон Зэвсэгт хүчний анги, байгууллагуудтай ойр ажиллаж, алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлд анхаарах ёстой. Тав тухгүй орчинд ажиллаж, амьдардаг офицер, ахлагч анги, байгууллагуудад олон бий. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Батлан хамгаалах яам голлох үүргийг хүлээж ажиллах нь ойлгомжтой. Бүх офицер, ахлагч нарынхаа ажиллах орчин, амьдрах нөхцлийг нь сайжруулж чадахгүй ч гэлээ бид эхлэлийг нь тавьж, шинэчлэлийг эхлүүлэх нь зөв” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top