Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Дээд шүүхийн шүүгч агсан Рут Бэйдер Гинзбургийн оронд консерватив холбооны давж заалдах шатны шүүгч Эми Конни Барреттийг нэр дэвшүүлж байгаагаа өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн нь ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ойртоод буй энэ цаг мөчид ширүүхэн “тулааны” эхлэлийг тавиад байна. 2016 онд ардчилагч-ерөнхийлөгч Барак Обамагийн Дээд шүүхийн гишүүнд дэвшүүлсэн хүнийг тухайн үед бүгд найрамдахчууд олонх байсан Сенатын зүгээс хориг тавин, ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед ийм шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн олонхийн ахлагч Митч Макконнелл тайлбарлаж байсан билээ. Гэтэл одоо ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд буй энэ цагт Трамп ийнхүү шийдвэр гаргасан нь түүний өрсөлдөгч болох ардчиллынхны зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй юм.
Трамп энэхүү үйл явдлыг “үнэхээр бахархууштай агшин” хэмээн цохон тэмдэглээд, шүүгч Барреттийг “гайхалтай оюунлаг” эмэгтэй, хуулийг чин шударгаар сахиулж чадах “Үндсэн хуульд гуйвшгүй үнэнч” шүүгч гэж магтсан аж.
Талийгаач Гинзбургийн 1993 онд Дээд шүүхэд томилогдох үеийн ёслолыг санагдуулам далбаагаар чимэглэсэн цэцэрлэгт хүрээлэнд Трамп Дээд шүүхэд шинээр нэр дэвшиж буй хатагтай Барреттийн боловсрол, мэргэжлийн талаар бахархан ярихдаа түүний долоон хүүхдийг дурдан, Дээд шүүхийн бас нэгэн талийгаач асан Антонин Скалиагийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг нь онцлон тэмдэглэсэн юм.
“Өөрийг тань энэхүү өндөр албан тушаалд маш сайн тохирох шүүгч гэдгийг би харж байгаа. Чи энэ албыг гайхалтай сайн хаших болно” хэмээн Трамп өөрийн нэр дэвшигчдээ хандан өгүүлжээ. Тэрээр бүгд найрамдахч сенатын гишүүд, консерватив хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд болон талийгаач Скалиагийн бэлэвсэн эхнэр оролцож буй үйл ажиллагаан дээр “Барретт бол манай орны хамгийн гялалзсан, авьяаслаг хуульчдын нэг” гэдгийг онцлон дурдсан байна.
Харин хатагтай Барретт өөрийн мэдэгдэлдээ, ямархуу төрлийн шударга үнэний талд тэр зогсох тухайгаа товчхон дурдаад, илүү дэлгэрэнгүй зүйлс төдийлөн яриагүй аж. Тэрээр “Шүүгч хүн бол зөвхөн хуулиа л дээдлэх ёстой. Шүүгчид бол улстөрчид биш” хэмээн мэдэгджээ. Тэр өөрийгөө төр, түмэндээ үйлчлэх энгийн албан хаагч хэмээн нэрлээд, 48 настайн хувьд цаашид хэдэн арван жилээр хууль сахиулах ажлыг гүйцэтгэх боломжтой гэдгээ илэрхийлсэн аж.
Дээд шүүхийн сул орон тоонд нэр дэвшүүлэх үйл явц түүхийн эгзэгтэй агшинд явагдаж байгаа учраас мөдхөн болох ерөнхийлөгчийн сонгууль шударга болох эсэх, ялагдсан тохиолдолд төрийн эрхийг тайван замаар шилжүүлэх эсэхэд эргэлзээ төрүүлэхэд хүрчээ. Коронавируст цар тахлын улмаас сонгогчдод саналын хуудсыг шуудангаар илгээх нь хууль ёсны эсэхийг нягтлах шаардлага зайлшгүй тулгарах тохиолдолд Дээд шүүхийн есөн суудал сонгуулиас өмнө бүрэн бүрдсэн байх ёстой хэмээн Трамп нэг бус удаа мэдэгдсэн байна.
АНУ-ЫН ХУУЛИЙН САЛБАР ТҮҮХЭН ШИЛЖИЛТИЙН ИРМЭГ ДЭЭР
АНУ-ын Дээд шүүх Америкийн хуулийг хэдэн арван жилээр, магадгүй 1930-аад оноос өмнөх үе рүү ч шидчихэж болзошгүй түүхэн шилжилтийн ирмэг дээр зогсож байна. Дональд Трамп шүүгч Эми Конни Барреттийг Дээд шүүхийн сул суудалд нөхөн суулгаснаар 5:4 хэмээх хуучны харьцааг 6:3 болгон консерватив олонхийг бүрдүүлж чадна. Энэ бол зөвхөн нэг суудлын төлөөх сонголт төдий биш юм. Өмнө нь дөрвөн либерал шүүгч янз бүрийн байдлаар хүчин чармайлт гаргасны үндсэн дээр зарим тохиолдолд консерватив жигүүрээс тав дахь саналаа олж аван, ингэснээр үр хөндүүлэх эрх, ижил хүйстний гэрлэлтийн эрх гэх мэт нийгэмд тулгамддаг зарим асуудлуудыг эерэгээр шийдэх боломжтой байжээ.
Одоо харин 6:3 гэсэн хэт нэг талыг баримталсан шинэ бүтэц бий болсноор дундын зөвшилцөлд хүрэхэд бэрхшээлтэй болж, ерөнхий шүүгч Жон Робертсын зүгээс үзэл санааны тогтвортой байдал, улстөрөөс ангид байх зарчмыг баримтлахыг тодорхой хэмжээгээр уриалах шаардлага үүсэж байна. “Бид үнэхээр хуулийн шинэ эрин рүү орж байна. Талийгаач шүүгч Рут Бейдэр Гинзбургийн эмэгтэйчүүдийн эрхийн тухай шийдвэрүүд хадгалагдан үлдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн Duke хуулийн сургуулийн декан асан Кэтрин Бартлетт өгүүлжээ.
Америкийн Дээд шүүхийн үйл ажиллагааг удаан хугацааны туршид судалж байгаа эрдэмтэн профессоруудын үзэж буйгаар, өнөөгийн консерватив шүүгчид өмнөх үеийн коллегуудаа бодвол шашны ашиг сонирхлыг илүүтэй харгалзан үзэж, саяхны тохиолдол гэхэд, Робертсын шүүх хүн амын төрөлтөд хяналт тавих эмнэлгийн шаардлагатай үйлчилгээний эсрэг үзэл санаа бүхий шашны боловсролд улсын томоохон хэмжээний санхүүжилтийг зөвшөөрч, ажил олгогчдын талд зогссон шийдвэрийг гаргасан билээ. “Шашин шүтлэг бол Робертсийн шүүхийн хэлэлцэх асуудлуудын нэг хэсэг юм. Энэ нь Бургерийн шүүх /1969-1986/,тэр ч бүү хэл, Ренквистийн шүүхийн /1986-2005/ үед ч байгаагүй” хэмээн Чикагогийн Их сургуулийн хуулийн профессор Дэвид Страусс ярьсан байна.
Өнөөгийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Робертсыг 2005 онд бүгд найрамдахч-ерөнхийлөгч Жорж Буш томилж байжээ. Трампын өгүүлснээр, бүгд найрамдахч ерөнхийлөгчид Дээд шүүхийн сул орон тоог амжилттай нөхөж чаддаг байсан бол ардчилагч-ерөнхийлөгч Жимми Картер гэхэд 1977-1981 онд төрийн эрх барьж байх хугацаандаа Дээд шүүхэд ганц ч томилгоо хийх боломж гараагүй аж. 1969 оноос хойш нийтдээ 18 шүүгч Дээд шүүхэд томилогдож байсны 14-ийг нь бүгд найрамдахч-ерөнхийлөгчид, зөвхөн дөрвийг л ардчилагч-ерөнхийлөгчид томилж байжээ.
Трамп болон түүний ойр дотны зөвлөхүүд засгийн газар хэт томорч, бизнес, хувь хүний үйл ажиллагаанд халдаж байна хэмээн үзэж байсан учраас зохицуулагч маягаар тогтоон барьж чадахуйц нэр дэвшигчийг хайж байгаад Барретт дээр тогтсон байна.
“Эми Конни Барреттыг Дээд шүүхэд томилсноор Ерөнхийлөгч Трамп америкчуудын эрүүл мэндийн асуудлыг ахин эрсдэлд оруулж байна. Барреттын төлөө саналаа өгнө гэдэг нь эмнэлгийн боломжит тусламж үйлчилгээний тухай хуулийг цуцлах талаар санал өгсөнтэй адилхан дүйцнэ” хэмээн Сенат дахь ардчилагчдын удирдагч Чак Шумер мэдэгджээ.
Трамп ийнхүү либерал Гинзбургийн орны шүүгчийг яаравчлан томилж байгаа нь нэг талаас зохисгүй үйлдэл юм. Тэд олон нийтийн өмнө бие биеэ харилцан шүүмжилдэг байсан бөгөөд 2016 онд Гинзбург Трампыг “дүр эсгэгч” хэмээн шүүмжлэхэд “түүний оюун ухаан буудуулсан мэт самуурсан” гэж нөгөөх нь хариу барьж байжээ. Жэндерийн асуудлаар цогтой тэмцэгч, алдарт хуульч Гинзбург 2020 оны есдүгээр сарын 18-нд таалал төгсөхийнхөө өмнө түүний орны томилгоог дараагийн ерөнхийлөгчөөр хийлгүүлэх хүсэлтэй байгаагаа өөрийн өмгөөлөгч, ач охиндоо хэлэн бичүүлж байсан аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )