Жаргалант сумынхан 50 мянган тонн төмсөө алдахад хүрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Төв аймгийн Жаргалант суманд байгалийн давагдашгүй хүчин зүйл болж, шуурганы улмаас 50 мянган тонн төмс цасанд даруулжээ.

Монголын төмс тариалагчдын нэгдсэн холбоо болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, газар тариалангийн мэргэжилтнүүд хамтран ургац хураалтын үйл явцтай газар дээр нь танилцсан байна. 

Төв аймгийн Жаргалант сум нь Монголын төмс, хүнсний ногооны дотоодын нөөцийн дийлэнх хувийг хангах боломжтой газар тариалангийн бүс нутаг юм. Монгол Улс энэ жил 210 мянган тонн төмс хураах урьдчилсан тооцоо гаргасан ч  есдүгээр сарын 30-ны байдлаар 160-170 мянган тонн ургац хурааж авчээ. Үлдсэн 50 мянган тонн төмсийг хураах явцад их хэмжээний цас орсон тул ургац хураалтад сөргөөр нөлөөлөөд байна. 

Энэ талаар Монгол төмс тариалагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал П.Сүхбат "Өмнө нь 2012 онд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмсөө цасанд даруулж байсан удаатай. Энэ жил дахин 50 мянган тонн төмсөө алдах нөхцөл байдал үүслээ. Цаг агаар хүйтрэх талаар мэдэгдэл авсныхаа дараа бидний зүгээс аль болох ургац хураалтаа түргэвчилсэн боловч хүн хүчгүй муутайн улмаас амжсангүй" гэв. 

Тариалан эрхлэгчдийн зүгээс Улсын ургацын комисс, Улсын онцгой байдлын газар, Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарт ургац хураалтад 600-800 хүний хүч шаардлагатай гэдгийг уламжилсан ба Орон нутгийн тамгын газар болон хөдөлмөр зуучлалын газруудад тусламж хүсэж бичиг хүргүүлсэн боловч ногоо хураах ажилчид дутагдалтай хэвээр байгаа аж. 

Түүнчлэн Монгол төмс тариалагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал П.Сүхбат  "Хамтран ажиллах их, дээд сургуулийн удирдлагуудад хүсэлт илгээдэг боловч сургуулийн удирдлагаас мөнгө нэхэх асуудал үүсдэг. Түүнчлэн оюутан залуус шуудайтай төмсөнд чулуу хийж дүүргэх гэх мэтээр ургац хураалтад хүндрэл учруулдаг" талаар хэллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төмс (66.181.166.134) 2020 оны 10 сарын 06

жаргалант сумынхан биш улсын хэмжээнд 50 мянган тн төмс алдах юм бна, юу ч мэдэхгүй орк сэтгүүлч ээ

0  |  0
Top