“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг аймаг, сумдад хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Манай улсад 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-оос дээш насны хүүхдийн 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах” зорилготойгоор хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93495 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үзүүлж, үүнээс:

-цоорлын эмчилгээг 128651 хүүхдэд,

-сувгийн эмчилгээг 2704 хүүхдэд,

-урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78982 хүүхдэд тус тус үзүүлсэн байна.

Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдүүд хамрагдсан учраас сумдын төвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөллийг хүлээн авч, хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС –ийн захирал, Шүд-ТББ зэрэг 10 гаруй төлөөлөл оролцжээ.

Шүдний холбооны ерөнхийлөгч Ч.Гантөмөр сайд хувийн хэвшлийг хүлээн авч зөвшилцөж байгаад талархал илэрхийлээд ялангуяа шүдний эмчийн тоо хангалттай хэдий ч эмчийн туслах болон техникчийн хомсдолд орсон. Нөгөө талаас шүдний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг дурдлаа.

Төр ба хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөтгөх замаар ялангуяа шүд, эрүү нүүрний тусламж, хүн амыг эрүүлжүүлэх, шүд угаах, арчлах зан үйл, дадал төлөвшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top