В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британид саяхан айлчлахдаа ВВС-ийн HardTalk нэвтрүүлгийн хөтлөгч Стивен Сакурт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. HardTalk хөтөлбөр 1997 оны гуравдугаар сараас BBC World News суваг дээр явагдаж эхэлсэн, тогтсон стандартын дагуу 25 минутанд ярилцлага үргэлжилдэг бөгөөд өнгөрөгч 23 жилийн хугацаанд дэлхийн олон алдартнууд түүний зочноор оролцсон байна. Ингээд Владимир Зеленскийн ярилцлагын зарим хэсгээс толилуулъя.


Донбасс болон Оросын тухай

ВВС: Та өөрийн орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнгээ зүүн хэсэг дэх зөрчил мөргөлдөөнийг дуусгана гэж амласан хэдий ч өнгөрсөн жил хагасын хугацаанд төдийлөн амжилт гаргасангүй?

Владимир Зеленский: Бид тэртэй тэргүй Нормандын үйл явцыг саатлаас гаргаж, бүгдийг ширээнд суулгахаар болсон. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украиныг үнэхээр дэмжиж байгаа, хатагтай Меркельд ч бас талархахыг хүсэж байна. Бид ОХУ-ын Ерөнхийлөгчийг бас буцааж чадлаа.

ВВС: Энхтайван, нам гүм байдал алга. Зургаадугаар сард гал зогсоох дэглэмд шилжсэнээс хойш 14 мянга орчим зөрчил гарсан тухай Европын Холбооны Аюулгүйн Зөвлөл /ЕХАЗ/-ийн ажиглагчид өгүүлж байна?

В.З: Өмнө нь иймэрхүү хугацаанд 80-90 мянга гаруй зөрчил гарч байсантай одоогийн 14 мянгыг харьцуулах юм бол томоохон ялгаа харагдана. Эзлэгдсэн газар нутгаас гарч байгаа ганц нэг буудлагын эсрэг бид ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа. Хагарал бутралд хүргэх зүйлийг бид хийх ёсгүй. Өнгөрөгч 75 хоногийн хугацаанд нэг л хүн амь үрэгдсэн. Зөвхөн ганцхан шүү! Энэ бол бидний ялалт гэж би үзэж байна. Хэдийгээр таны зөв ч гэсэн, бид амласан зүйлсээ хараахан хийж дуусгаагүй байгаа.

ВВС: Владимир Путин Москвад төрийн эрх барьж байгаа цагт та газар нутгаа эргүүлэн авч, энхийг тогтоох боломжтой гэж үү?

В.З: Бидэнд зөвхөн “нормандын загвар” байгаа гэж ойлгож байна. Манайх болон ОХУ нь Минскийн үйл явцын субъектүүд гэсэн үг. Энэхүү хүнд хэцүү замд дундын зуучлагч хийснийх нь төлөө ЕХАЗ-д бид талархаж байгаа. Гэвч нэн тэргүүний гол зорилт бол гал зогсоох тогтвортой байдлыг хангах явдал байсан. Энэ зорилгоо биелүүлсэн гэж би бодож байна.

ВВС: Зүүн хэсгийн газар нутагт онцгой бие даасан статус олгож чадвал тэнд энхтайван тогтох болно гэдгийг ноён Путин ойлгогдохоор тайлбарлаад байгаа. Тэгвэл тэнд сонгууль явагдаж, та дайчдаа өөрийн хил рүүгээ татаж чадна. Та үүнийг хүлээн авахад бэлэн байна уу?

В.З: Онцгой статусын тухай хууль гэхээр төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан үндсэн хуульд өөрчлөлтүүд оруулна гэсэн үг. Би үүнтэй санал нийлж болох хэдий ч тэдний хүсээд байгаа шиг өөрчлөлтүүдийг эх хуульд оруулах боломжгүй. Зөвхөн сонгуулийн дараа л хилийн хяналтыг Украины эрх баригчдад шилжүүлнэ гэдэг бол буруу зүйл. Бид тэнд сонгууль явуулах нөхцлийг хангаж чадахгүй. Ажиглагчдаас хэн ч очихгүй. Тэгээд ч буу зэвсэгтэй хүмүүс тэнд байгаа тохиолдолд хэн нэгэн сонгууль явуулахаар очно гэж үү.

ВВС: Зүгээр л тийм эсвэл үгүй гэж хариулж болно. Крымийг оролцуулаад өөрийн бүх газар нутгаа эргүүлэн авах хэлцлийг Владимир Путинтэй хийж чадна гэдэгтээ та итгэлтэй байна уу?

В.З: Би үүнд итгэж байна. Итгээгүйсэн бол Украины Ерөнхийлөгч болохгүй байх байсан. Энэ явдал маш бэрхшээлтэй учраас дэлхий нийтийн тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Гэвч би итгэл найдвараа алдахгүй. Хэрэв би дайныг зогсоож дийлэхгүй бол миний орыг өөр хүн эзлэх ёстой.

НАТО-ын тухай

ВВС: Өөрийн нөлөөллийн хамрах хүрээний тухай маш тодорхой төсөөлөл Орост байгаа. Энэ нь Украины зүүн хэсэг дэх түүний үйлдлүүд болон Беларусьтай харилцах бодлогыг тодорхойлж, ингэснээр танай бүс нутагт олон талаар нөлөөлж байна. Геополитикийн ийм уялдаанд Украин улс НАТО-д элсэж чадах уу, та юу гэж бодож байна вэ?

В.З: Бид өргөжүүлсэн боломжтойгоор НАТО-ын хамтрагч аль хэдийн болсон. Бид НАТО руу явж байна. НАТО бол манай бүс нутаг дахь аюулгүй байдал гэж болно. Бид 200 мянган хүнтэй хүчирхэг армитай, зэвсэг техникээ шинэчилж байгаа хэдий ч энэ нь хангалтгүй. Би АНУ, Европын Холбооны улсууд болон ер нь бүгдэд хандан: хэрэв Украиныг алдахыг хүсэхгүй байгаа бол түүнийг дэмжих ёстой гэж хэлсээр байгаа. НАТО-д гишүүнээр элсэнэ гэдэг нь гол дэмжлэг бөгөөд ОХУ-д өгөх дохио болох юм.

ВВС: Европын нэгэн өндөр албан тушаалтны хэлсэн үгийг эшлэл татъя: “Украин улс удаан хугацааны хэтийн төлөвдөө НАТО болон Европын Холбооны бүрэн эрхэт гишүүн болно гэх санаа бол үлгэр юм”.

В.З: Украин болон Оросын хооронд дайн дэгдэнэ гэх санаа бас л үлгэр байсан. Тухайн үед хэн ч үүнд итгээгүй. Харин одоо бидний хооронд дайн, үзэн ядалт үүсэж, украинчууд оросуудтай харьцахыг бодолгүй, НАТО-г хүсэмжилж байна. Хэрэв хэн нэгэн үүнийг үлгэр гэж тооцож байгаа бол алсдаа юу болохыг харцгаая л даа.

АНУ-ын тухай

ВВС: Танайд тусламж нь хамгийн их хэрэгтэй байгаа улс бол АНУ. Одоо тэнд ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байна. Украинд тийм ч таатай бус ханддаг Дональд Трамп ялагдаж, Жо Байден сонгогдоно гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

В.З: Бид Сенатын болон Конгрессийн төлөөллүүдтэй уулзаж байсан, хоёр танхимын дэмжлэг бидэнд байгаа. Ноён Трампын хувьд, тэр угаасаа л тийм хүн. Төрөл бүрийн сэдвээрх түүний яриануудаас харахад тэр Украиныг дэмжиж байгаа. Ноён Байдентай би биечлэн харилцаж байгаагүй ч тэр Украинд туслах хүсэлтэй тухай сонсож байсан. Ер нь АНУ-ын ерөнхийлөгч хэн ч болсон та нарыг дэмжих болно хэмээн Америкийн олон улстөрчид өгүүлж байна.

ВВС: Хэрэв Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард ялагдал хүлээвэл Хантер Байдены хэргийг мөрдөхийг та нараас шаардсан тухай бүхий л үнэнийг дэлгэх үү?

В.З: Тусгаар тогтносон Украин улсын Ерөнхийлөгч би эсвэл өөр хэн нэгэн байлаа ч түүнд ямар ч том гүрний зүгээс нөлөөлөх боломжгүй гэдэгт гол үнэн оршиж байгаа.

Авлигын тухай

ВВС: Та төрийн эрх бариад жил хагас боллоо. Улстөрд бага амлаж ихийг хийх нь илүү ухаалаг гэлцдэг. Авлигын эсрэг таны зарласан “загалмайтны аян дайн” заримдаа эсрэгээрээ яваад байх шиг.

В.З: Надад одоо гурван жил хагасын хугацаа байна. Би өөртөө болон ойр тойрныхондоо найдаж, тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Авлигын эсрэг шүүхтэй болох эхлэл тавигдсан нь маш чухал. Авлига хээл хахуулийг хэрхэвч тэвчихгүй хэмээн бид ярьж байсан, үүндээ ч хүрсэн. Хууль бусаар баяжсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай маш адармаатай бөгөөд чухал хуулийг бид баталсан.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Maam(202.55.188.88) 2020 оны 10 сарын 15

Shal teneg Hohol Amerikiin aliig ugaaj baihdaa taarsan usan hoholuud

0  |  0
Зочин (64.119.19.28) 2020 оны 10 сарын 15

Манай улс төрд худалч гар байхгүй, бүгд юм хийж чаддаг. Кккк

1  |  1
m(202.131.225.197) 2020 оны 10 сарын 14

hudalch gar daa, yu ch hiij chadahgui l dee.ukirain uls ulam l dortoij unaad bnaa.

1  |  0
Top