Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр өглөө (2020.10.22) хуралдаж, УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад дэвшүүлэхээр санал нэгдсэн тухай өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд яг одоо болж байна. Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэж байгаа юм.
Саналыг МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулсан ба тэрээр "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидэнд итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том хоёр үйл явдал ирэх жилд хүлээж байгаа. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна" гэв.
Ийн нийслэлийн МАН-ын хороо болон МАН-ын Удирдах зөвлөл хотын даргын асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад, өдгөө Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар нэр дэвшүүлэхээр санал нэгдэж байгаа нь тодорхой боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар "МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Манай намын генсек Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн шийдвэрийг сая танилцууллаа. Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлсэн. Яг одоо санал хураалт явж байна. Заалнаас хүн нэмж нэр дэвшээгүй. Удирдах зөвлөлийн шийдвэр ер нь бол гарчихсан гэж ойлгож болно. Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох юм байна" гэсэн мэдээлэл өгөв.
Одоо МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд дахин хуралдах гэж байна. Хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны V хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэх ба үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр зарлаад байна. Ингээд хуулийн дагуу хотын даргын томилгоог маргааш болох НИТХ-ын хурлаар батламжлах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Мөнгө идэж, банк дампууруулж, цирк нураасан худал болж таарсуу, яас, манайхаан?