Беларусь дахь “Ардын тулган шаардалт” хэрхэн өндөрлөв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Энэ оны наймдугаар сарын 9-нд Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко ялснаас хойш тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр байна.

Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан, сөрөг хүчний удирдагчдын нэг Светлана Тихановская тус улсын эрх баригчдад хандан “ардын тулган шаардах бичиг” өргөн барьсан бөгөөд уг шаардлагад Лукашенко огцрох тухайгаа зарлах, гудамжинд хүч хэрэглэхийг зогсоох, улстөрийн бүх хоригдлуудыг суллах зэрэг заалтууд тусгагдсан байна. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд “улс даяар гудамжинд тайван замаар жагсаж”, аравдугаар сарын 26-наас “бүх үйлдвэр, аж ахуйн газруудын үндэсний хэмжээний ажил хаялт болж, бүх авто замуудыг хаан, улсын дэлгүүрүүдийн борлуулалтыг унагах болно” хэмээн Тихановская анхааруулж байсан билээ.

Ингээд аравдугаар сарын 25-нд тулган шаардах бичгийн хугацаа дууссан учраас өнгөрөгч ням гарагт Минск хотноо эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Жагсаалд оролцогчдын урт цуваа хэдэн километр үргэлжлэн, нарийн тоог гаргах боломжгүй байсан ч судалгааны байгууллагууд 100-200 мянган хүн оролцсон хэмээн мэдээлжээ. Минск дэх жагсагчдын нийт тоо 200 мянга гаруй байсан тухай “Наша нива” сонины сэтгүүлчид мэдээлснээс харахад, энэ удаагийн арга хэмжээ өнгөрөгч наймдугаар сарын 30-наас хойшхи хамгийн өргөн хүрээтэй, олныг хамарсан жагсаал болсон аж.

Хүмүүс хэсэг бүлгээрээ нэгдэн Лениний болон Немиге гудамжаар жагсан явж, “Жыве Беларусь!” хэмээн хашгирсаар Эрх чөлөөний талбайг зүглэжээ. Тусгаар тогтнолын өргөн чөлөөнд хөдөлгөөн хааж, Маркс болон Лениний гудамжуудын уулзвар дахь зорчих хэсэгт хүчний байгууллагын албан хаагчид хоёр талыг хашин зогссон байв. Эрх чөлөөний талбай дээрх хотын захиргааны гадаа хэдэн мянган хүн цугларч, цаг өнгөрөх тусам улам нэмэгдсээр байлаа.

Жагсагчдын цуваа “Баатар хот-Минск” дурсгалын самбарт хүрэхэд хөшөө руу очих шатны дэргэд цэргийнхэн зогсоцгоон, уг жагсаалыг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа хэмээн чанга яригчаар анхааруулга өгч байв.

Хүний эрхийг хамгаалах “Весна” төв аравдугаар сарын 25-нд Беларусийн хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдагсдын нэрсийг гаргаж эхэлжээ. Тус төвийн мэдээлснээр, Минскээс гадна Брест, Гомель, Гродно, Пинск, Витебск, Могилев зэрэг олон хотуудад баривчлагаа явагдан 240 гаруй хүн саатуулагдсан аж.

Дотоод хэргийн удирдах газрын дарга Иван Кубраковын өгүүлснээр, жагсагчид хотын төвд байрлах тус байгууллагын байрны цонхуудыг чулуу шидэн хагалсан аж. “Беларусь 1” телесувгийн эфирээр хагарсан цонх, шидсэн чулууг гаргасан хэдий ч яг халдсан хэсгийн зураглалыг үзүүлсэнгүй.

Минск дэх “ардын тулган шаардах” жагсаал өндөрлөсөн боловч тус хот дахь нөхцөл байдал тайван бус хэвээр үргэлжлэн, орон сууцны хорооллын гадна ямар нэгэн зүйлс шатан, тэнд энгийн хувцастай цагдаа нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа нь бичлэг дээр дүрслэгджээ.

Тихановская үндэсний хэмжээний ажил хаялтыг зарлалаа

 

Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская ням гарагийн жагсаалын үр дүнг танилцуулан, эрх баригчдад өмнө нь анхааруулж байсан бүх нийтийн ажил хаялтыг аравдугаар сарын 26-наас эхлэх тухай зарлалаа.

“Хүч хэрэглэх явдал тэдний цор ганц чадах зүйл гэдгийг эрх баригчдын дэглэм өнөөдөр беларусьчуудад дахин харууллаа. Гэвч бөөн хүмүүсийн дунд болон төрөх эмнэлгүүдийн цонхон доор гэрэлтэгч гранатуудыг дэлбэлсэн явдал бол гайхуулах сүр хүч биш юм. Ийм дэглэм беларусийн ард түмэнд хэрэггүй. Иймээс аравдугаар сарын 26-нд үндэсний хэмжээний ажил хаялт эхэлнэ” хэмээн Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан онцлон дурдсан байна.

Жагсагчдын эсрэг гэрэлт, дуут гранат хэрэглэв

 

Минскийн төвд флаш гранат хэд хэдэн удаа дэлбэрсний дараа түргэн тусламжийн арав орчим машин Орловский гудамжийг чиглэн давхиж, шархдагсдыг клиникийн зургаадугаар эмнэлэг болон яаралтай тусламжийн эмнэлэгт хүргэсэн тухай Беларусь дахь эрүүл мэндийн салбар болон анагаахтай холбоотой үйл явдлыг мэдээлдэг “Белые халаты” Telegram-суваг дамжууллаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 28

Mongolchyyd bidel ene ihel vgvi;egdej ban daa .Odoo hayatad uran 2 horlogdoj vheh ni bas dotoodiin yrvagchidaas bolj hoichiin .Yla Mongol baihgvi bolj bna..\n

0  |  0
Top